Баасанхүү.О 2018.01.23 | Өглөөний сонин

О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөлөө гэж НАЙМ дахь удаагаа мэдэгдэж байна

О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөлөө гэж НАЙМ дахь удаагаа мэдэгдэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын дээд шүүхэд МАХН-ын даргаар бүртгүүлэх хүсэлт хүргүүлээд байсан ч өнгөрөгч баасан гарагт татгалзсан хариу авсан.

Тэрбээр энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурлын эхэнд “Миний бие сүүлийн үед хувь хүний орлогын албан татварын шатлалыг цуцлах, тэтгэврийн насыг 65 болгох асуудлыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсэг зуруулах ажилд анхааран ажиллаж байна. Тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж, одоогоор 19 мянган иргэн гарын үсгээ зураад байна. Энэ талаар УИХ-д тогтоолын төсөл боловсруулан, өргөн барина” гэж тодотгоод сэтгүүлчдийн асуултад хариулсан.

-Таныг МАХН-ын гишүүнээс хассан талаарх мэдээлэл бий. Та тэгэхээр сул гишүүн болсон гэсэн үг үү?

Намай МАХН-аас хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрвээ намайг хөөсөн юм бол МАХН-д миний нэрээр очиж байгаа санхүүжилтүүдийг надад олгох ёстой. УИХ-ын гишүүний тойрогтоо зарцуулах ёстой мөнгийг МАХН зориулалтын бусаар зарцуулсаар байна. Энэ талаар би Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн байгаа. Мөнгөө ядаж шилжүүлчхээд намайг намаасаа хөөсөн гэж ярих хэрэгтэй. Ашиглах болохоороо мөнгийг нь авчихаад, дуртай үедээ хөөнө гэж ярьдгаа болих хэрэгтэй. Уг нь энэ мөнгийг тойргийнхоо иргэдэд зарцуулмаар байгаа юм.

-Дээд шүүх дээр таныг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа. Цаашид яах вэ?

-Улсын дээд шүүхийн шийдвэрийг би бичгээр авна. Бичигт, албан бичгүүд нь тодорхойгүй гэж ирэх байх. Үүнийг нь засаад, эргүүлж аваачиж өгнө. Мөн би захиргааны шүүхэд хандана. Улс төрийн намыг дээд шүүх шийдэх учиртай. Тиймээс би бүртгэлийн үйл явцыг шүүхэд өгөх  эрхтэй. Ер нь баярлах болоогүй. МАХН- аас гарах, орох нь хувь хүний эрхтэй холбоотой асуудал. МАХН хэвлэлийн хурал хийгээд намайг гэмт хэрэгтэн гэж зарлаж байна. Шүүхээр тогтоогдоогүй зүйл дээр хүнийг ингэж хардаж болохгүй. Харин ч надад МАХН-ын удирдлагуудтай холбоотой мэдээллүүд байгаа. Прокурор дээр байгаа энэ материалуудыг цагаатга эсвэл шүүх рүү ном журмынх нь дагуу явуул гэж бид шаардах болно.

Тэр ч байтугай МАХН өөрийн гэсэн байргүй Энэ намыг ашгийн бус байгууллага гэж ойлгоод, 500 мянган ам.доллараар санхүүжүүлсэн. Байрны асуудал одоо шүүх дээр залилангийн хэргээр явж байгаа. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой Аваагүй учраас төлөх ёсгүй гээд байгаа юм. Г.Шийлэгдамбын хэргийг зайлшгүй хөнгөрүүлэх шаардлага байгаа. Энэ мэт хэргүүд дээрээ МАХН шударга байх ёстой. МАХН шинэчлэгдэх ёстой. Энэ хүмүүсээсээ салах ёстой гэж хэлмээр байна.