Г.Тэмүүлэн 2018.01.23 | Сонин: Зууны мэдээ

ЭМТ-ийн санхүүжилт төсөвт суулгажээ

ЭМТ-ийн санхүүжилт төсөвт суулгажээ

“Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны Мэдээ” сонин ард түмнээ төлөөлж парламентад сонгогдсон 76 гишүүний сонгуулийн амлалтыг эргэн сануулахаар “Амлалт& Биелэлт” буланг эхлүүлж байна.

Амлалт нэхсэн иргэдийн мэдээллийн мөрөөр тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишуунээс биелэлтийг нь асууж нийтлэх болно. Энэ удаад Архангай аймгийн I тойргийн иргэн Т.Вандандүгэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд амлалтыг нь санууллаа.

Архангай аймгийн Цахир сумын иргэн Т.Вандандүгэр: МАНАЙ СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХЭЗЭЭ БАРИГДАХ ВЭ?

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн манай нэгдүгээр тойрогт нэр дэвшихдээ Цахир сумыг Эрүүл мэндийн шинэ төвтэй болгоно гэж амласан.Тиймээс энэ амлалтаа биелүүлнэ байх гэж бодож манай сумынхан саналаа өгсөн. Танай сониноор дамжуулж Архангай аймгийн Цахир суманд Эрүүл мэндийн төвийн шинэ барилга хэзээ баригдах вэ гэж асуумаар байна. Манай сум нь Архангай аймгаас баруун тийш 230 км-т, Эрүүл мэндийн төв нь сумынхаа 3000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн барилгыг 2016 оноос ашиглахыг бүрэн хориглосон акт гарсан. Нэн даруй Эрүүл мэндийн шинэ төвтэй болж сэтгэл ханамжтай, хүртээмжтэй үйлчилгээг авмаар байна.

Архангай аймгийн 1 тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: САНХҮҮЖИЛТ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ СУУСАН

-Цахир суманд Эрүүл мэндийн төв барих зайлшгүй шаардлагатай байгаа. Сумын эрүүл мэндийн төвийн одоогийн барилга 2004 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 оноос эхлэн хөрсний мөнхийн цэвдэгшлээс болж, суурь бояон ханаараа цуурч, нэвт салхилдаг болсон байна. Ажилчид нь жил болгон чадлынхаа хэрээр хөөсдөж, дулаалдаг ч үр дүнгээ өгөхгүй байгаа гэдгийг эмч ажилтнууд төдийгүй сумын иргэд ч хэлдэг. Цахир суманд Эрүүл мэндийн шинэ төв байгуулахад энэ оны улсын төсөвт 1.440.0 сая төгрөг батлуулсан. Барилгын ажлыг аль болох шуурхайлах талаар ажиллаж байна. Барилгыг 2015 онд 38 хувьтай ашиглаж болно гэж Архангай аймгийн МХГ-ын акт, дараа нь 2016 оны тавдугаар сард ашиглахыг бүрэн хориглосон акт гаргасан байдаг.

Сэтгүүлч С.Уянга