Л.Мөнхбаатар: Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй
2018.01.23

Л.Мөнхбаатар: Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөлд бүртгэлийн байгууллагыг бүрэн цахимжуулах асуудлыг тусгасан гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсан. Ингээд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг хийсэн юм. Тухайн үед улс төр, нийгмийн нөхцөл байдал их амаргүй байсан. Бүртгэлтэй холбоотой зөрчилтэй олон зүйл гарсан.

Сонгуулиа явуулж чадахгүй хэмжээнд хүртэл хүрсэн. Мөн нийгмийн халамж, даатгал давхардуулан авдаг гэх мэт олон зүйлээс болж төвөгтэй байдлууд бий болж байсан. Ийм учраас иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах шийдвэр гарч бүх иргэнийг шинэчлэн бүртгэсэн. Энэ бол их амаргүй ажил байсан.

Нийт 15 сая баримтыг бүгдийг нь цахимжуулсан. Үүний үр дүнд иргэн бүр нэг хувийн хэрэгтэй болсон. Хуучин төрсний болон гэрлэлтийн гэх мэт бүх бүртгэл нь тус, тусдаа байсан. Иргэдийнхээ мэдээллийг цэгцэлсний дараа өөрийнх нь хурууны хээ болон зургаар нь баримтжуулсан. Ингээд иргэн бүрийн мэдээлэл зөв болсон. Үүний үр дүнд 682 мянган зөрчлийг арилгасан. Монгол улсын бүх иргэн зөрчилгүй мэдээлэлтэй болж, цахим сантай болсон.

Мөн цахим үнэмлэхийг иргэдэд өгсөн. Энэ бол бүртгэлийн томоохон шинэчлэл байсан юм. Мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд томоохон шинэчлэл хийж цахимжуулсан. 2011 онд гадаад паспортыг чиптэй буюу цахимжуулах асуудал яригдсан.

Ингээд тухайн үед Гадаад хэргийн яам болон миний тушаалаар техник, технологийн бүх шийдлүүдийг нь гаргаад шийдвэрлэсэн. Үүнээс хойш долоон жил өнгөрсөн. Гэтэл яагаад энэ жил удаашраад байгаа юм. Хийхэд хэцүү ажил биш шүү дээ.

Уг нь энэ ажлын суурийг тавиад шийдвэрлэчихсэн. Манай улсын иргэд гадаад улс оронд зорчиход бэрхшээлтэй болж байна. Сунгалт хийсэн ч сунгалтыг нь уншдаг аппарат дэлхийд байхгүй боллоо. Долоон жилийн өмнө шийдвэрлэсэн ажил удааширч байгаад харамсаж байна.

Нөгөөтэйгүүр одоо тендерт шалгарсан Унгарын компанийг эргэн харах шаардлагатай байна. Дэлхийд бүртгэл хийдэг тэргүүлэх хэд, хэдэн компани байна. Зөвхөн цаас үйлдвэрлэдэг бэлдэц хийдэг компанийг сонгон шалгаруулсан байна.Богино хугацаанд энэ ажлыг хийх хэрэгтэй байна.

Улсын бүртгэл дээр үүсээд буй хэцүү хүнд асуудлыг шийдэх боломж бий. Иргэдийг өвлийн хүйтэнд олон цагаар гадаа зогсоож болохгүй. Ер нь шуурхай, сэтгэлтэй, хурдацтай, техник технологид суурилсан ажил манай улсын бүртгэлийн ажилд дутагдаад байна.

Иргэн өөрийнхөө тухай мэдээллийг өөрөө олох гэж гүйгээд байж болохгүй. Уг нь тухайн иргэний мэдээлэл нь цахим бүртгэлд байгаа шүү дээ. Төрд иргэний мэдээлэл нь байхад нь дахин өөрийнх нь мэдээллийг олуулахаар гүйлгээд байж болохгүй” гэлээ.

                                                        Өглөө.mn