2018.01.24

Хүчирхийллийг буурулахын тулд зан үйлийг өөрчлөх ёстой гэлээ

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.01.23/ болж УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд хүний эрхтэй холбоотой хэд хэдэн хуулийг УИХ баталсан ч гэлээ төр нь иргэнээ хүчирхийлсэн заалтууд байгааг нэг бүхий гишүүд шүүмжилж байна. Тодруулж хэлбэл эхнэртэйгээ хэрэлдсэний төлөө баривчлагдаж, ажлаасаа халагдсан жишээ олон байгааг онцолсон байна. 

О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийллийн ерөнхий нөхцлийг харахаар амьжиргааны түвшин доогуур байх тал ажиглагддаг. Зөвхөн тэдэнд гэр бүлийн хүчирхийлэл байгаа гэж хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ ганц ажиллаж байгаа хүн нь сархад татаад, хоорондоо хэрэлдээд, нэгнийгээ цохихоор гэр бүл сална эсвэл гомдол өгсөн хүн нь насан туршдаа гэр бүлийн хүчирхийлэлд ордог. 

Ц.Мөнх-Оргил: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол архидалтаас гадна нийгмийн соёлын асуудал. Нийгэм юуг хүлээн зөвшөөрч, тэвчиж, болно гэж  үзэж байгааг өөрчилж хүчирхийлэл бол болохгүй зүйл гэдгийг ойлгуулж, хуулиар шийтгүүлэхээс гадна. нийгэм хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг багаас нь ойлгодог соёлыг бий болгож байж энэ асуудлыг нэг мөр шийднэ. Энэ соёлыг бий болгоход хамгийн чухал зүйл бол гэр бүл, сургуулиас гадна хэвлэл мэдээлэл юм.