Л.Энхболд 2018.01.24 | Сайт: Zindaa.mn

Татвар нэмэх биш Тавантолгойн үр ашиггүй зардлуудаас бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх боломжтой

Татвар нэмэх биш Тавантолгойн үр ашиггүй зардлуудаас бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх боломжтой

“Чухал зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрөгч өдрүүдэд та өөрийн тойрогтоо ажиллаад ирлээ. Говийн малчдын өвөлжөө тавлаг байна уу?

-Намрын чуулган завсарлахаас өмнө найм хоногийн чөлөө авч тойргийнхоо таван сум, аймгийн төвд ажиллаад ирлээ. Өвөлжилтийн байдал харьцангүй гайгүй байна. Өнгөрсөн зун зуншлага тааруу байсан  зарим сумдад өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсч байна. Иймээс  улсын нөөцийн өвсний үнийг бүрэн чөлөөлөх, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулаач  гэдэг хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа.

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэн. Үүн дундаа нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэнд ялангуяа уул уурхайд ажиллагсад бухимдалтай хандаж байна. Тойрогтоо ажиллаад ирсэн гишүүний хувьд  татварын нэмэгдэлд нэлээд  шүүмжлэлийг сонссон болов уу?

-Иргэдийн зүгээс хамгийн их бухимдал төрүүлж байгаа асуудал нь долоон төрлийн татвар нэмсэнтэй холбоотой асуудлаас гадна өрийг өрөөр дарлаа, тэтгэврийн насыг нэмлээ зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудад  нэлээд бухимдалтай байна.

Татвар нэмэгдсэн тухайд бол Монгол Улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэгдсэн. Татвар нэмэгдэх асуудал хөндөгдөж эхэлсэн тэр үеэс нь би эсрэг байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлж байсан. 2016 оны есдүгээр сард Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах тухай яригдаж эхэлсэн.  

Тухайн үед хүн амын орлогын албан татварыг нэмнэ гэж байсныг нь би тууштай эсэргүүцсэний хүчинд  гацаасан. Гэвч харамсалтай нь 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэх асуудлыг дахин оруулж ирсэн. Тухайн үед татварын нэмэгдлийг би эсэргүүцсэн ч цөөнх болж үлдсэн.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор  нэгдүгээр сарын 4-нд буюу дөнгөж ажил эхлэнгүүт татварын нэмэгдлийг эргэж харах болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар  Ерөнхий сайд, Сангийн сайд нарт албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх татварын нэмэгдлийг эргэж харъя гэдэг байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн  нэгдүгээр сарын 25-нд ирэх юм билээ. Энэ үеэр татварын нэмэгдэлтэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг Засгийн газар эргэн харах талаас нь ярилцах  байх гэж бодож байна.

-ОУВС-гийнхан Засгийн газрын дээрх саналыг эерэгээр хүлээж авах болов уу. Ер нь татвар нэмэхээс хараат эдийн засгаа солонгоруулах бодлогыг төр нэн түрүүнд  хэрэгжүүлэх нь эрсдэл багатай гарц гэж харж байна?

-Тэгэлгүй яахав. Татвар нэмж санхүүгийн эх үүсгэвэр босгоно  гэдэг нь эдийн засгийн онолын хувьд буруу зүй тогтол юм. Бидэнд маш их боломж бий... Жишээ нь  Эрдэнэс Тавантолгойд хөрс хуулалт хийдэг  ААН байгууллагуудын үнийн зөрүүг харахад л тэндээс жилд 130 тэрбум төгрөг гарч байгаа юм. 

Эрдэнэс тавантолгойн зэргэлдээ уурхай болох Орон нутгийн Тавантолгой гэхэд 1 куб метр талбайн хөрс хуулалтын үнэ 4300 төгрөг. Гэтэл Эрдэнэс тавантолгойн уурхайд хөрс хуулалт хийж буй компаниуд хоёр өөр үнэтэй байна.Хятадын компани 11 мянган төгрөгөөр хөрс хуулж байна.

Үндэсний оператор компани Эрдэнэс Тавантолгойд 7 мянган төгрөгөөр хөрс хуулдаг. Энэ хоёр компанийн үнийн хооронд 4000 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Энэ зөрүүг жилд хуулах хөрсний хэмжээ болох 30 сая куб метрээр бодож үзэхэд жилд 130  тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой байна.

Гэтэл татвар нэмээд 36 тэрбум төгрөг олох гээд байдаг. Энэ мэт төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд л эдийн засгаа сайжруултай бүрэн боломжтой.Татвар нэмэх биш Тавантолгойгоос бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх гарц бий.

Нөгөө талаас том том төслөө хөдөлгөх мөн дан ганц уул уурхайн хамраалалтай бус олон тулгуурт байдлаар эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна. Тухайлбал, аялал жуучлал  дэмжих зорилгоор Казиногийн тухай хуулийн ажлын хэсгийг миний бие ахалж байна.

Тус хууль батлагдсанаар Монгол Улс валют импортлох бололцоо нээгдэнэ. Мөн жуулчид олноор нэмэгдэнэ. Энэ мэтчилэн эдийн засгаа үр өгөөжтэй  болгох олон эх үүсвэрүүд байгаа.

-Гэтэл бодит байдалд эсрэгээрээ иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээ Засгийн газар урьтал болгож байгаа нь бухимдлыг төрүүлж байна л даа?

- Бид бусад орлогынхоо эх үүсвэрийг зөв тодорхойлох ёстой. Дээр хэлсэнчлэн Төрийн өмчийн компаниудын хяналт шалгалтыг сайжруулж үр өгөөжийг нь нэмэгдүүлснээр эдийн засагт ногоон гэрэл гарна. Санхүүгийн сахилга бат, хариуцлагын тогтолцоо манайд дутмаг байна.

-Жавар есийн хүйтэнтэй зэрэгцэн шатахууны үнэ нэмэгдэж иргэдийн халаас руу мөн л өнгийлөө. Ерөнхий сайд шатахууны үнийг цаашид барьж чадахгүй гэж мэдэгдсэн нь магадгүй шатахуун импортлогчдын дураар дургих нөхцөл ч болох шиг. Тэдний энэ дураараа үйлдлийг Засгийн газар хэрхэн торгоох бол?

-Шатахууны асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Ерөнхий сайд шатахууны үнийг зах зээлийнхээ зарчмаар яваг гэдэг байр сууриа  хэлсэн. Ер нь шатахууны үнийг барьж байгаа гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр улсаас өч төчнөөн төгрөг шатахуун импортлогчдод өгөөд байдаг энэ байдлыг өөрчилж зах зээлийн зарчмаар чөлөөтэй яваг гэсэн санаа.

Гэтэл чөлөөтэй боллоо гээд шатахуун импортлогчид дур зоргоороо үнээ нэмээд байж болохгүй, төрөөс зохицуулалт хэрэгтэй. Хамгийн эрэлттэй А80, АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах, хэрэглээ өндөр, цөөн хэрэглэгчидтэй АИ95, АИ98 шатахууны үнийг тодорхой хэмжээнд нэмэгдэх яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа гэж ойлгосон. Хиймэл хомсдол үүсэхээс өмнө Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож асуудлыг нэг талд нь цаг алдалгүй гаргах ёстой.  

-Малын хөлийн нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг та санаачилж байгаа гэж сонссон. Хуулийн төсөл ямар шатанд яваа вэ?

Судалгааны буюу боловсруулалтын шатанд явж байна. Үүний дараа зүүн, баруун бүсийн аймгуудаар малчдынхаа дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тойргийнхоо малчидтай уулзаж байх үед тэдний зүгээс “Малын хөлийн нөхөн төлбөрийг өгье” гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ авах хэлбэр нь өөр.

Улсын төсөвт бус тухайн орон нутагт нь үлдээж эргээд түүний хүртээмж нь малчдад хүрдэг байх. Өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхийг малчдад олгодог байя гэдэгт хуулийн төслийн ач холбогдол оршиж байгаа юм.

-Экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомт асуудал дагуулсан хэвээр л байна. Нүүрс тээвэрлэлт энгийн үргэлжилж байгаа гэх ч яг одоо нөхцөл байдал одоо ямар байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нүүрний экспорт сайн байсан. Өдөртөө хамгийн их нь 1600 орчим машин гарч байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дээрх нөхцөл байдал өөр болсон. Нуулгүй үнэнийг л хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн.

Энэ үеэр Тавантолгойн нүүрсийг “Восточный” боомтоор нэвтрүүлж, гуравдагч зах зээлд гаргах асуудлыг хөндсөн. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал квот тогтоож  300-400 машин болгож эхэлсэн. Ингэснээр түгжрэл бий болсон. Үүссэн нөхцөл байдалтай очиж танилцах, арга хэмжээ авах тал дээр өмнөх Засгийн газар цаг алдсан. Яагаад гэвэл яг энэ үеэр  Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэлсэн.

Улмаар Засгийн газар солигдож шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлсэн. Ингээд Засгийн газар бүрдсэний дараа Уул уурхайн болон Зам тээврийн салбарын хоёр сайдын хамгийн анхны айлчлалыг би орон нутагтаа хийлгүүлсэн. Ингээд салбарын сайд нар Гашуунсухайтын боомтод үүссэн нөхцөл байдалтай очиж танилцан уртын урт тээврийг зогсоож урт, богинын тээвэрлэлт хийх шийдвэрийг гаргасан. Үүнээс нааш очер, хүндрэл багасахгүй юм байна гэдгийг олж харснынх.

Хоёрдугаарт, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх асуудалд хяналт тавъя. Хууль журмыг дагадаггүйгээс үүдэж зарим нэг төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлэхгүйгээс асуудал үүсч байна гээд хэд хэдэн арга хэмжээг авсан. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрлийг хуулийн дагуу олгож  байна уу гэдгийг шалгаж, цэгцэлсэн.

Одоо бол богинын тээвэрт дараалал үүсээд байгаа. Тиймээс хатуу хучилттай замаар явахын зэрэгцээ шороон  замаар нь явуулж эхэлсэн. Одоогоор Монголд талд очер үүсэх нь багассан. Хятадын тал квотоо нэмэгдүүлбэл боомтын асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

-Уул уурхайд түшиглэсэн бүс нутгаас сонгогдсон гишүүнтэй ярилцаж байгаагийн хувьд Оюутолгойг тойрсон сүүлийн үеийн асуудлаар байр суурийг нь сонсмоор байна.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгойн үр ашгийг нэмэгдүүлэх,  гэрээг эргэн харах шаардлагатай” гэж мэдэгдсэн. Дээрх мэдэгдэлтэй та санал нийлэх үү?  

- Дэд сайдын байр сууринд хариулт өгмөөргүй байна. Монгол Улсын 34 хувь үр ашгаа хэзээ өгөх үү гэдгийг хүн бүр сонирхож байгаа.  Үр ашиггүй байгаа нь бодит үнэн. Оюутолгойн гэрээг эргэн харах шаардлага бол бий.  

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 дахь хоногтойгоо золгоход ойртож байна.  Шинэ Засгийн газар энэ хугацаанд хэр хурдацтай ажилласан гэж та дүгнэх вэ? 

-Тайлангаас  тодорхой харагдах байх. Засгийн газар өнгөрсөн хугацаанд Утааны эсрэг болон бусад чиглэлээр чухал чухал асуудал шийдсэн гэж харж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд 0,2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээл авахаар боллоо. Мөн Чингис бондын 500 сая ам.долларын өрийг цаг хугацаанд нь төллөө. 

Энэ мэтчилэн нааштай үр дүн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,8 хувьд хүрлээ,  валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ, 20 тоннын алтны нөөцтэй боллоо, улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр давсан зэрэг эдийн засгийн нааштай дүр төрх ажиглагдаж байна. Үүний үр дүнд хэчнээн хүн ажлын байртай болов, иргэдэд юу наалдав  гэдэг талаас нь дүгнэх учраас одоо дүгнэхэд эрт байна.  

-Нийслэл гэлтгүй Өмнөговь аймаг агаарын бохирдол  ихтэйд тооцогддог. Утаа  ярихаар зуух тараана л гэдэг. Гэвч энэ нь оновчтой шийдэл бус гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрлээ. Утааг бууруулах гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?  

-Агаарын бохирдлыг бууруулах арга замаа тодорхой цаг хугацааны дарааллаар нь гаргавал илүү үр дүнтэй болов уу. Анхан шатанд нь юуг хийх үү гэдгээс эхлээд л нарийвчлан гаргах шаардлагатай байгаа юм.

Хамгийн төгс шийдэл нь ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах явдал юм. Хоёрдугаарт орон сууцжуулах, гуравдугаарт түүхий нүүрсийг боловсруулж цэвэршүүлсэн түлшийг хэрэглэх. Энэ гурван аргыг хослуулж байж бид утаанаас сална  

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Засгийн газарт хариуцлага тооцно, цаашлаад УИХ-ыг тараана”  гэх байр сууриа хэдэнтээ илэрхийлсэн.   Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед Засгийн газар тогтвортой ажиллах нь хамгийн чухал гэдэгтэй та санал нийлэх байх?

-Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэж байгаа. Улс төрийн тогтвортой байдлыг гадны хөрөнгө оруулагчид ч ажиглаж байгаа. Энэ нөхцөл байдал сөрөг хүчин болон парламентаас гадна суудалтай намууд, ТББ-аас янз бүрийн акцууд хийх төлөв байдал гарч байна.

Гэхдээ энэ нь Монгол Улсын тогтворгүй байдлыг бий болгох цаашлаад сэргэх гэж буй эдийн засгийг унагах гэсэн нөхцөл байдал руу шилжинэ.  МАН 2016 оны сонгуулиар хариуцлагын тогтолцоог бий болгоно гэж ард түмэндээ амласан.

Өмнөх Засгийн газрыг огцруулсан явдал нь үүнтэй холбоотой. Одоо энэ Засгийн газрыг  зоригтой шийдвэрүүдийг олноор гаргаасай гэж ард түмэн  хүсэж байгаа. Ингэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. 100 хоногоор дүгнэхэд хангалтгүй.

-Саяхан УИХ Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Хэр хууль болсон гэж дүгнэж байна вэ?

-Өмнөх хуулиас сайжирсан хууль болсон гэж дүгнэнэ. Тухайлбал өмнө нь эрх мэдэл нь  зөвхөн Монгол банкны Ерөнхийлөгчид  байсан бол үүнийг нь багасгаж, хамтын шийдвэр гаргадаг боллоо. Мөн олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн.

-Манай улсын иргэдийн ихэнх нь арилжааны банканд урт болон богино хугацааны зээлийн дарамттай. Зээлээ цагт нь төлж чадаагүйгээс Төв банкны мэдээллийн сан буюу бидний хэлж заншсанаар хар жагсаалтад нэр нь орсноор дахин зээл авах боломж нөхцөл нь хязгаарлагддаг. УИХ-ын нэр бүхий гишүүд дээрх жагсаалтад нэр нь орсон хүмүүсийг нэг удаад өршөөе гэдэг саналыг гаргасан байсан?

-Энэ саналыг би дэмжиж байгаа. Гарааны бизнес эрхлэгчид 50-100 саяын жижиг зээл авч бизнесээ эрхэлж байтал валютын ханшийн өсөлт болон үнийн хөөрөгдөл бусад хүчин зүйлээс шалтгаалж хар жагсаалтад нэр нь орсон залуус маш их байна. Залуучуудад боломж олгох нь зөв. Тэдний ирээдүйг хааж болохгүй. 

Ярилцсанд баярлалаа. 

Ш.АДЪЯАМАА