Л.Мөнхбаатар 2018.01.24 | Сонин: Засгийн газрын мэдээ

Л.Мөнхбаатар: Татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах боломжтой

Л.Мөнхбаатар: Татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах боломжтой

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа. Тэрбээр Засгийн газрыг бүх шатандаа хариуцлагатай ажиллана гэдэг хүлээлттэй буйгаа онцоллоо.

-Энэ Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ сарын 28-нд тохионо. Засгийн газрын хийсэн ажилд та хэрхэн дүн тавьж байна вэ?

-Үр дүнтэй ажлууд бий. Нийгэмд тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Тухайлбал, цэвэрлэх байгууламж болон агаарын бохирдлын асуудалд түлхүү анхаарал хандуулж, шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ улс орны эдийн засагт чухал дэмжлэг үзүүлэх томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд хэзээ оруулах нь тодорхойгүй байна. Гэхдээ бэлтгэл ажлыг хангаж байгаа гэж ойлгож байна.

Мөн Монгол Улсад шударга ёс тогтоох амлалтаа биелүүлэх шат дараалсан арга хэмжээг яаралтай авах ёстой. Энэ хүрээнд бодлогоо тодорхойлж, ард түмэнд ямар арга хэмжээ авахаа ил болгох хэрэгтэй гэж бодож байна. Үүнээс гадна иргэдийн хариулт нэхсэн олон асуудал бий, үүнд хариулт өгөх ёстой. Тиймээс Засгийн газар цаашид баримтлах бодлого, үйл ажиллагаагаа тодорхой болгож, УИХ-аар батлуулах хэрэгтэй. УИХ-ын намрын чуулган удахгүй завсарлана. Хаврын чуулганаар оруулаад ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой олон асуудал бий. Бүх шатанд хариуцлагатай ажиллах байх гэсэн хүлээлттэй байгаа.

-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна. МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй хэмээн тусгасан ч амлалтаасаа буцаж долоон төрлийн татвар нэмсэн гэх шүүмжлэлтэй нүүр тулж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Татварын нэмэгдлийг УИХ-ын олон гишүүн эсэргүүцсэн. Учир нь манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч ард иргэдийн итгэлийг хүлээсэн. Гэхдээ тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бөгөөд Монгол Улс Олон улсьга валютын сангийн хөтөлбөрт зайлшгүй хамрагдах шаардлагатай байсан. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг УИХ төдийгүй олон нийт ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс УИХ-ын зарим гишүүн эсэргүүцсэн ч олонхын шийдвэрийг дагасан.

-Татвар нэмсэн шийдвэрийг хүчингүй болгох боломж бий юү?

-Шийдвэрээ эргэж харах боломж бүрдэж байна. Учир нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрч байна. Эдийн засгийн нөхцөл байдалд эерэг дохио бий болсон тул татвар нэмсэн шийдвэрээ эргэж харах боломжтой. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллахаар ирж байгаа. Энэ хүрээнд дээрх шийдвэрийг буцаах талаар Засгийн газар Засгийн газар хэлцэл хийх ёстой. Хэрэв хэлцэл амжилттай болвол УИХ-аар шийдэх байх гэсэн хүлээлттэй байна. 

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламент хэлэлцэж байна. Хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хангалттай хэмээн сөрөг хүчний зүгээс үзэж байна. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд уг хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна УУ?

-Улсын бүртгэлийн ерөнхий хууль анх 2009 онд батлагдсан. Бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулна гэдэг нь нэг удаагийн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Тиймээс нийгэмд шинээр үүсэж буй харилцааг зохицуулахын тулд хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Миний хувьд хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий хэмээн үзэж байгаа. Учир нь өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн бүртгэл цахим болсон. Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэхийн тулд цахим хувилбарыг бүрэн ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэний бүхий л мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн байхад тухайн иргэнээс өөрийнх нь мэдээллийг дахин шаардах хэрэггүй гэсэн үг.

Иргэн төрийн байгууллагуудаар гүйж, өөрийн мэдээллээ цуглуулах биш, төрийн байгууллагуудын мэдээлэл гүйж байх ёстой. Тухайлбал, халамж, даатгал, татвар, замын цагдаа зэрэг мэдээллийг хоорондоо солилцож, иргэнд чирэгдэл учруулах ёсгүй. Ийм л тогтолцоонд шилжихийн тулд дээрх хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий.

-Хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв бий болно гэсэн үг үү?

-Төрийн үйлчилгээ үзүүлж буй бүхий л байгууллагын мэдээлэл нэгдсэн нэг баазад цугларч мэдээлэл солилцооны төвтэй болох нь чухал. Энэхүү төвд төрийн байгууллагын аль ч ажилтан нэвтэрч мэдээлэл авдаг ёстой. Гэхдээ хаанаас хэн хэзээ холбогдож, ямар мэдээлэл авсан гэдэг нь бүртгэгдэх ёстой. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал хангагдана. Мэдээллийг хаалттай болон нээлттэй гэж ангилна. Нээлттэй мэдээллийг зөвхөн төрийн байгууллагууд ашиглах бус банк санхүүгийн байгууллага ч ашиглах боломжийг олгох хэрэгтэй. Ийм тогтолцоог бий болгохын төлөө төр ажиллаж байна.

-Ийм тогтолцоонд шилжих боломж нөхцөлийг дээрх хуулийн төсөлд тусгасан уу?

-Холбогдох заалтууд төсөлд тусгагдсан. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд засаж сайжруулах шаардлага бий. 

Сэтгүүлч Б.Даваатогтох