Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав
2018.01.25

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар багтсан байв.

Эхлээд байгууллагынхаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Тэрбээр, 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахад зориулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр батлаж 28 708 ажлын бий болгосон үр дүндтэй гарсан гэв.

Мөн нийгмийн халамжийн үйл ажиллагааны хүрээнд хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн зургаан хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, зорилтот бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, нийгмийн халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болох нөхцөлийг бүрдүүлэх, ядуурлын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгав.

Түүнчлэн нийгмийн халамж, өрхийн мэдээллийн нэгдсэн сан, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж, зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг УИХ анхааралдаа авах хэрэгтэй. Мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө өгөх тал дээр БСШУСЯ-тай хэрхэн хамтарч ажиллаж байгааг  лавласан бол, УИХ-ын гишүүн М.Билэгт “Залуучуудад хөдөлмөр эрхлэх ёс зүйг бий болгох хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Саранчимэг нар хуулиудын хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлаа хуваалцахыг хүслээ.

УИХ-ын гишүүд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын газар, хэлтсийн удирдлагуудтай харилцан ярилцаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой санал бодлоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө