Энхбаяр.Ж Энхболд.Н Г.Тэмүүлэн Н.Амарзаяа Б.Энх-Амгалан 2018.01.25 | Сонин: Соёмбо

УИХ-ын зарим гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа

УИХ-ын зарим гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүн өчигдөр БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь, Н.Амарзаяа, Б.Энх-Амгалан нар батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцсан юм.

Уулзалтын эхэнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн баримт бичгүүд шат дараатай шинэчлэн батлагдаж байгаад манай салбарынхан баяртай байдаг.

Одоо ч гэсэн бидний өмнө батлуулах шаардлагатай дөрвөн ч хуулийн төсөл бий. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулах болов уу гэж найдаж байгаа. Нэгэнт хариуцсан байнгын хороодын гишүүд цугласан энэ үед тал талаасаа сайн ярилцъя" гэсэн юм.

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр яам үүсэн байгуулагдсан түүх болон салбарын эрх зүйн орчны шинэчлэл, гадаад хамтын ажиллагаа, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй байдал хийгээд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Улсын нисэхийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа болон шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг гаргуулахаар ажиллаж буйгаа мөн тэмдэглэсэн юм.

Салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар төсөв нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийг сайжруулах шаардлага байгааг ч онцолсон. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд шаардлагатай байгаа байгууламжуудыг барихад хэдий хэмжээний төсөв хэрэгтэй болоод гадаадаас орж ирсэн зээл тусламжийн талаарх мэдээллийг сонирхож харилцан ярилцсан.

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Манай зэвсэгт хүчнийхэн бүс нутгийн аюулгүй байдлын талаар байнга анхаарч хэрэгтэй. Хоёрдугаарт, шат шатны сургуулиа дүүргэсэн, мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлсэн, тогтвортой ажиллаж ирсэн алба хаагчдаа зохих албанд томилон ажиллуулж байгаарай" зэрэг улсын нууцад ч хамаарах олон асуудлаар харилцан ярилцсан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүд ЗХЖШ-т үргэлжлүүлэн ажилласан юм. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаарх танилцуулгыг хийсний дараа бэлтгэл сургуулилтыг сайжруулах, шаардлагатай зэвсэг техникээр хангах, эх орноо батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зэрэг олон асуудлыг тойрч ярилцсан юм.