С.Чинзориг сайд Польшийн Сенатын дэд маршалтай уулзлаа
2018.01.24

С.Чинзориг сайд Польшийн Сенатын дэд маршалтай уулзлаа

Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн 2017 онд 4,9 хувьтай гарсан төдийгүй Европын Холбооны улсуудаас эдийн засаг хамгийн тогтвортой өндөр өсөлттэй орноор тодроод буй юм. Тиймээс тус улсад монгол иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын ажиллах хүч гаргах тусгай гэрээний дагуу хөдөлмөр эрхлэх боломжийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНПУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Сенатын дэд маршал Мариа Софиа Кочтой уулзах үеэр хөндөж ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд Польшийн иргэд Европын Холбооны цалин өндөртэй бусад улс оронд ажиллахыг илүүд үзэх болжээ. Гэтэл гадагшаа ийн олноор гарах болсон нь Польшийн хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Хэдийгээр энэ нь нэг талдаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг удаан хадгалах ч өсөлтийг дагаад ажиллах хүчний хомсдол үүсэх  эрсдэлийг бий болгоод байгаа юм. Нэг үгээр Польшийн хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч хамгийн их эрэлттэй болсон тул энэ орон зайд монголчуудыг авч хөдөлмөр эрхлэх боломж олгох асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал тавихыг С.Чинзориг сайд Сенатын дэд маршал Мариа Коцаас хүссэн юм.

Хатагтай Коц Монголд хоёр жилийн өмнө айлчилж байсан бөгөөд  Сенатын танхимд Польш-Монголын парламентын бүлгийн гишүүнээр ажилладгийн хувьд Монголтой холбоотой асуудал бүрт анхааралтай ханддаг гээд С.Чинзориг сайдын хүсэлт буюу Монголоос ажиллах хүч авах асуудлыг судалж үзнэ гэдгээ амласан.

Польшид өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 500 евро, харин дундаж цалин 1200 евро байгаа бөгөөд Европын Холбооны бусад оронтой харьцуулахад бараа бүтэгдэхүүний үнэ, үйлчилгээний төлбөр, амьдралын өртөг харьцангуй хямд, хүн амьдрахад таатай улс орнуудын тоонд багтдаг болсон. Түүнээс гадна  хүн амын наслалт, амьдралын чанартайгаа уялдуулаад тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь эхэн үедээ олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан ч хоёр жилийн дотор бүх асуудлыг шийдэж, энэ нь эдийн засагт төдийгүй иргэдийн амьдралд сайнаар нөлөөлсөн гэдгийг хатагтай Мариа Коц уулзалтын үеэр онцолжээ. Мөн төрөлтийг дэмжихийн тулд тухайн гэр бүлд хоёр дахь хүүхэд төрвөл сар бүр 500 злотыг бүх хүүхэддээ өгч эхэлснээр хүн амын өсөлтөд бодлогын энэхүү дэмжлэг сайнаар нөлөөлснийг дурдсан байна.

С.Чинзориг сайд манай улсын хувьд энэ оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэн тооцох болсон гэдгийг яриад үүнтэй холбогдуулан үүсэх хүндрэлийг Польш улс хэрхэн яаж зохицуулсан туршлагаас судлах хүсэлтээ илэрхийллээ.