С.Мөнхчулуун: МАН, АН хоёр үзэл баримтлалын хувьд ялгаагүй болчихсон
2018.01.25

С.Мөнхчулуун: МАН, АН хоёр үзэл баримтлалын хувьд ялгаагүй болчихсон

НИТХ-ын тэргүүлэгч, хурлын МАН-ын булгийн дарга, нийслэлийн Монгол Ардын намын дэд дарга С.Мөнхчулуунтай ярилцсанаа хүргэж байна.

-Та хэдэн оноос МАН-ын гишүүн болсон юм бэ?

-Миний эцэг, эх цэргийн байгууллагад насаараа ажилласан хүмүүс. Аав цэргийн дарга хүн л дээ. Тэр утгаараа МАН-ыг идэвхийлэн дэмждэг. Миний хувьд ч аав, ээжийнхээ нөлөөгөөр 1998 онд оюутан байх даа тэр үеийн МАХН-д элсч байлаа. 2001 онд Герман дахь оюутны холбоо, Европын холбоонд дахь МАСЗХ буюу одоогийн НАМЗХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Харин 2008 онд Монголд ирээд төрийн албан хаагч болж, намаасаа түр түдгэлзсэн юм. 2016 онд төрийн албаа хүлээлгэж өгөөд намынхаа гишүүнчлэлээ сэргээсэн. 

-Яагаад төрийн албанаас татгалзсан гэж?

Төрийн гибанд чамгүй хугацаанд ажиллаад улс төрд орсон шалтгаан маань төрийн албанд болохгүй, бүтэхгүй зүйл их байна. Тэр бүхнийг улс төрийн албанд очиж байж шинэчлэх ёстой юм байна гэж үзсэн учраас гаргасан шийдвэр. Шийдвэр гаргах эрх мэдэлтэй болж байж, засч залруулах боломжтой болох учраас тэр.

-Тэгээд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн хэрэг үү?

-Тийм. 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар тойрог буюу бидний хэлдгээр нэгдүгээр хороололд НИТХ-д нэр дэвшиж өрсөлдөөд, сонгогдсон. Сонгуулийн дараа нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллах хүсэлт тавиад мөн сонгогдлоо. Түүний хажуугаар НИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

-Тэгээд таны төсөөлж байсан шиг улс төрийн алба хашихаар бодож явснаа засч залруулж болохоор байна уу. Бэрхшээл хэр байна?

-Бэрхшээл гайгүй. Би өмнө Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар дөрвөн жил ажилласан учраас байдлыг бол гадарлаж байсан. Гэхдээ хүссэн хүлээлтдээ хүрч чадаагүй. Учир нь би НИТХ-д нэр дэвшээд сонгогдох юм бол дүүргийнхээ дарга болно гэж төлөвлөж байсан. Дүүрэг дээрээ хийх ажлаа төлөвлөж, тооцоолж байсан юм. Харин нөхцөл байдал өөрөөр эргэсэн учраас шууд өөрөө хариуцаад шийдвэрлэх ажил бага болсон гэсэн үг. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчийн хэмжээнд ажиллаж иргэдтэйгээ холбогдож байна.

-Тойрогтоо хэр ажиллаж байна?

-Одоо НИТХ-ын төлөөлөгчийн албанаас өөр албагүй байгаа болохоор тойрогтоо л ажиллаж байна. Хэдийгээр нийслэлийн төсөв хүнд байгаа ч гадна дотны тусламж, дэмжлэг татах ажлуудыг хийж байна. Төрийн албанд мэргэжилтнээс нь эхлээд даргыг нь хүртэл  ажиллаж байсан учир төрийн албаны ажил хэрхэн явдгийг мэднэ. Тиймээс яам тамгын газар, олон улсын байгууллага зэргээр тойргийнхоо ажлыг шийдүүлж чадаж байгаа. Саяхан өмнөх жилийнхээ тайланг гаргаж сонгогчдодоо хүргүүллээ.

Ямар ч байсан УИХ-ын гишүүний хийсэн ажлыг оруулахгүйгээр зөвхөн өөрийнхөө татсан хөрөнгө оруулалтыг тооцоход найман тэрбум орчим төгрөг татсан байна лээ.

Гэтэл манай дүүргийн Тамгын газар гэхэд зургаа тэрбум орчим төгрөгийн төсөвтэй газар шүү дээ. Дүүргийн төсвөөс илүү хөрөнгө оруулалт төвлөрүүлж чадсан хэрэг. Мөн сонгогчид өдөр болгон л холбогддог. Ажил төрөлд оруулж өгөөч гэх мэтээр янз бүрийн асуудлууд тавьдаг. Боломжийнхоо хэрээр тэр хүмүүст тусалж дэмжих гээд зүтгэдэг.

-Танай нам 2016 онд УИХ, Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Гэтэл ердөө нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонуульд ялагдлаа. Энэ талаар хэрхэн дүгнэж байна.

-Мэдээж тоочвол олон шаттгаан, хүчин зүйлс нөлөөлсөн. Манай нам сонгуульд ялалт байгуулаад мөрийн хөтөлбөрөө баталсан. Улс орны эдийн засаг хүнд байсан тул иргэдийн хүсээгүй зарим шийдвэрүүдийг ч гаргалаа. Намаа биш улс орноо бодсон шийдвэрүүд гэсэн үг л дээ. Магадгүй ганц сонгуулиа бодсон бол тэгж ажиллахгүй байсан байх. Үүнийг сөрөг хүчний зүгээс “боддогоо хэрэгжүүлж чадахгүй байна” гэдэг байдлаар пиар хийсэн. Улс төрөө сайн хийсэн гэх үү дээ. Энэ мэт олон шалтгаан нөлөөлсөн.

-Тэгвэл танай нам 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэр хэрэгжүүлж байна вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар намаа бодолгүй улсаа бодож ажиллаж. Эрх барьж буй намын мөрийн хөтөлбөр дөрвөн жилээр төлөвлөгдөж, хэрэгжүүлдэг. Биелсэн бол ард түмэн дүнгээ тавьдаг. Биелээгүй бол хариуцлагаа тооцоод явах ёстой. Түүнээс бид л сөрөг хүчин гэсэн шиг өнөөдөр ялагдаад маргааш нь шүүмжлээд ажил хийлгэхгүй байж болохгүй. Энэ бол төрийн эсрэг хийж буй гэмт хэрэг гэж боддог. Төрийн хийж буй ажлыг харлуулна гэдэг нь төрийн эсрэг хийж буй гэмт хэрэг. Ард түмний сэтгэл санааг үймүүлж, бухимдуулж байгаа нь ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг юм. Намууд өөрсдөө улс төрийн соёлтой байх хэрэгтэй. Зөвхөн дараагийн сонгуулийг харж биш Монгол Улсынхаа ирээдүйг харж улс төрийн соёлтой байх ёстой юм.

-Та сөрөг хүчнээ хэлж байна уу?

-Тийм. Ер нь хоёр намын мөрийн хөтөлбөрийг аваад үзэх юм бол ялгарах юм ер байдаггүй шүү дээ. Тэр тусмаа нийслэл, дүүрэг дээр. Нэг нам нь энэ замыг тавина гэхэд нөгөө нам нь ч тавина гэсэн байдаг. Нэг нь гэрэлтэй болгоно гэхэд нөгөө нь гэрэлтүүлэгтэй болгоно. Нэг нь утааг бууруулна гэхэд нөгөө нь агаарын бохирдлыг бууруулна гэсэн зүйл байдаг. Хоёр нам үзэл, баримтлалын хувьд ч ялгарахгүй болчихсон.

АН-ын хувьд барууны үзэлтэй нам гэж ярьдаг боловч татварыг бууруулья, тэтгэврийн насыг багасгая гээд яриад байгаа зүйл бол социал демократ, зүүний үзэл байгаа юм шүү дээ. Зүүний нам болчихсон. Манай намын хувьд зүүн төвийн үзэлтэй гэж байгаа боловч өнөөдөр цаг үеийн шахалтаар либерал шийдвэрүүдийг гаргаж байна шүү дээ. Эрх барьж буй засаг маань яалт ч үгүй ОУВС-гийн шахалтад ороод явж байна.

-Та түрүүнд манай намын мөрийн хөтөлбөр дөрвөн жилээр хэрэгжиж, ард иргэдээрээ дүнгээ тавиулна гэж хэллээ. Тиймээс одоохондоо баалж, өөлөлгүй ажлыг маань хийлгэ гэсэн утгатай үг хэлж байх шиг байна. Гэтэл ард иргэд, АН-аас хамааралгүйгээр хэт олонхи болсон танай нам өөрсдөө засгаа унагаачихлаа. Энэ юунаас болов. Эсвэл хэт олонхи болохоор бас зовлон байна уу?

-Хэт олонхи болохоор засгаа унагаалаа гэдгийг гаднаас лярьж байгаа. Намын даргын суудлын хувьд М.Энхболд ялагдал хүлээсэн учраас ажлаа өгнө гэж мэдэгдэл хийчихсэн байсан. Засгийн газрын хувьд УИХ-ын зарим гишүүд гарын үсэг зураад таван зүйл дээр хангалтгүй ажилласан гэж үзсэн.

-Харин НИТХ-ын хувьд?

-НИТХ-ын хувьд мөн адил манай төлөөлөгчдөөс гарын үсэг цуглуулж, НИТХ-ын даргаа огцруулах гэж эхэлсэн. Тэгэхдээ түүнтэй огт холбоогүйгээр Ц.Сандуй дарга намаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж, нийслэлийн МАНын даргын ажлаа өгнө гэж өргөдлөө өгсөн.

Мөн иргэдийн хурлын даргын ажлаа ч давхар өгөхөөр шийдвэрлэсэн байна лээ. Уг нь НИТХ-ын дарга гэдэг хүнийг огцруулах хууль зүйн үндэслэл бол байхгүй. Тэрийг би бүлгийн даргын хувьд тухайн үед нь хэлж л байсан. Түүнээс төлөөлөгчдийн гарын үсэг зурсантай холбогдуулаад огцорсон асуудал байхгүй ээ.

-Ирэх 26-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах гэж бабгаа гэсэн мэдээлэл яваад байх юм. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Миний хувьд наадахыг чинь огт сонсоогүй асуудал байна. Энэ 26-ны хурлыг өнгөрсөн тэргүүлэгчдийн хурлаар товыг зарласан. Ирэх хурлаар хэлэлцүүлэх асуудалд Засаг даргыг огцруулах тухай асуудал огт байхгүй. Тэгэхээр тийм асуудал хэлэлцэхгүй гэсэн үг.

-Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй ч хурлын дундуур оруулж ирж болох уу?

-Хэлэлцэх асуудалд төлөөлөгчид санал оруулж болно. Тэгэхдээ хэлэлцэх эсэхийг олонхиороо шийднэ. Намын бүлэг дээр Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудал огт яригдаагүй. Тэгээд ч манай нийсэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Су.Батболд ажлаа хангалттай төвшинд хийж байгаа тул огцруулах асуудал байхгүй. Өнөөдрийн хязгаарлагдмал төсвөөр сайн ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Ийм хов живийн чанартай ийм асуудлууд явж байгаад харамсч байна.

-Тангай уулзсаных нэг зүйл тодруулах гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгчид урамшуулал авдаг юм уу?

-Урамшууллын асуудал өмнө нь байдаг байсан юм билээ. Улирлын 20 сая төгрөг авдаг байсан юм шиг байна лээ. Саяхан хэвлэл мэдээллээр нэгдүгээр сарын 12-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар нэг төлөөлөгчид 48 сая төгрөг баталжээ гэсэн байна лээ. Тэр хурал дээр тийм асуудал хэлэлцээгүй. Тэргүүлэгчдийн хурал дээр нэг ч төсөв,нэг ч төгрөг баталдаггүй юм. Тэр бол худлаа мэдээлэл.

-НИТХ-ын төлөөлөгч нэг ч төгрөгийн цалин, урамшуулалгүй ажилладаг гэсэн үг үү?

-НИТХ-ын төлөөлөгч гэдэг ямар нэг цалин байхгүй. Харин тэргүүлэгчдийн хувьд сард 240 мянган төгрөг буюу цалингийн доод хэмжээгээр урамшуулал олгодог.

-Өөрөөр урамшуулал байхгүй гэж үү?

-Одоогоор тийм шийдэгдсэн, авсан урамшуулал байхгүй.

-Танай нийслэлийн намын дарга сонгох хурал хэзээ болох вэ?

-Манай намын дүрэмд зааснаар дөрвөн жилд нэг удаа нийслэлийн намын хурал хуралдах ёстой. 2014 оны дөрөвдүгээр сард хуралдсан. Тиймээс энэ жилдээ багтаж хуралдана.

-Та Нийслэлийн намын дарга төлөө өрсөлдөх үү?

-Өрсөлдөхгүй. Одоо байгаа дэд даргаараа байх хүсэл бол байна. Гэхдээ ямар хүн намын дарга болохоос дэд даргад өрсөлдөх эсэхээ шийднэ дээ. 

Сэтгүүлч Б.Бундхорол