Тэрбишдагва.Д 2018.01.25

Д.Тэрбишдагва: Тяньжины 10 га газрын асуудал ямар түвшинд явж байна вэ?

Өнөөдөр /2017.01.25/ Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 4 га газрын асуудал яригдаж байгаа 2 га болсон байна. Сумын иргэдийн хурлын шийдвэр гараад 2 га болгосон гэж танилцуулж байсан. Гэтэл Хятадын талаас 2 га газар л өгөх боломжтой гэсэн мэдээлэл байна. Энэ хоёрын аль нь зөв юм бэ? 

Бид УИХ-аар шийдвэр гаргаад 2 га газар өгнө. Гэтэл БНХАУ-ын талтай тохиролцсон юм байхгүй гэсэн яриа байна. Энэ тал дээр тохиролцсон зүйл байна уу? УИХ, Засгийн газар шийдвэр гаргаад Эрээн дээр консулын газар байгууллаа гэж бодоход нөгөө талд 2 га-г яг баталгаатай авах вэ гэсэн мэдээлэл байгаа юу?

Засгийн газар Хятадын Тяньжиньд бараг 10 га-гийн асуудал яригдаад, сүүлийн 3, 4 жил дуугүй болсон. Үүний ашиглалтын асуудал нь хэзээ шийдэгдэх вэ?

Энэ бол Монгол Улсын хувьд маш их ач холбогдолтой. Бид бол далайд гарцгүй орон. Тяньжинд 10 га газрыг онц хөнгөлөлттэй нөхцлөөр ашиглавал тэр газрыг ашиглаад нефтийн үйлдвэрлэлээ явуулж, бензин ч хүртэл явуулах боломжтой болно.

Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр : 2 га газрын асуудал дээр Хятадын талтай тохиролцсон. Бид Хөх хотод газар авах хүсэлтээ нөгөө талдаа дипломат шугамаар тавьсан. Шийдвэр нь гараагүй байхад урьдчилж хариулах нь зохимжгүй. Ер нь бол харилцан адил байх зарчим нь газрын хэмжээ, төлбөр болон бусад зүйл дээр тулгуурладаг. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол Улсад Тяньжины чөлөөт бүсэд 10 га олгох асуудал 2010 оноос хойш яригдсан. Энэ ажлын хэсгийг тухайн үед дэд сайд Т.Пүрэвдорж ахалж байсан. Хэлэлцээрийн түвшинд их олон яриа яригдаад, гүн боловсруулах, нефть боловсруулах нефть барина гэдэг анхны концепц гарч байсан. Хятадын талаас 50 жилийн хугацаатай, газрын төлбөрөө урьдчилж өг гэсэн асуудал яригдсан. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдэх ёстой. Энэ асуудал дахин сөхөгдвөл төлбөрийн асуудал яригдана. Энэ асуудлыг хөнгөлөх, эсвэл хувааж төлөх боломж байвал Монгол Улсад олгогдох 10 газар бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдөр Замын-Үүд дээр 2 га газрын асуудал яригдаж байна. Гэхдээ Н.Анхбаяр даргын ярианаас ойлголоо. Тяньжины асуудлыг би өмнө нь Хятадын талтай Засгийн газрын хоорондын комиссын дарга байж байхдаа их ярьж байсан. Гэрээ хэлэлцээр хийвэл тэр 50 жилийг нааш нь татах боломж байгаа учраас Засгийн газрын гишүүдэд Тяньжины газрыг шийдвэрлэх хэрэгтэй. Айлын тал боломжийг нь гаргаад, гарц бий болгоод байхад онцгойлон анхаарах ёстой.