Баттөмөр.Б 2018.01.26

Б.Баттөмөр: Энэ төсөл Дархан хотын хувьд ихээхэн ач холбогдолтой

Б.Баттөмөр: Энэ төсөл Дархан хотын хувьд ихээхэн ач холбогдолтой

Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн зорилго нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт-н хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход оршино.   

Төслийг хэлэлцэх үед Дархан хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ төсөл Дархан хотын хувьд их чухал ач холбогдолтой гэдгийг онцлон хэлсэн юм. 

Тэрээр, 

Монгол улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд Дарханы цахилгаан станцыг өргөтгөх асуудал орсон. Эрдэнэтийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дулааны станцыг өргөтгөх ажил сая амжилттай хийгдлээ. Одоо Дарханых ингээд хийгдэх ёстой. Дарханы хувьд их онцлогтой. Дархан бол төвийн бүсийн гол тулгуур төв. Аж үйлдвэрийн парк, олон үйлдвэрийн газрууд баригдана, мөн эрчимжсэн МАА, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг ажлуудын санал санаачлага гарч, эх үүсвэрүүд нь тавигдаад явж байгаа. Энэ утгаараа энэ станц маш их чухал. Дарханы ройнд Хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Энэ ажилд эрчим хүчний хүчин чадал чухал ач холбогдолтой. Мөн Дархан хот утаатай болж байгаа, тиймээс гэр хороолол руу дулааны шугам барихад энэ төсөл мөн ач холбогдолтой.