Д.Эрдэнэбат Г.Занданшатар Ч.Хүрэлбаатар 2018.01.26

Д.Эрдэнэбат: Шатахууны үнэ өссөний хариуцлагыг Засгийн газар хүлээх үү?

УИХ-ын чуулганаар Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүд энэ талаар асуултуудыг холбогдох яам, газруудаас асууж, Засгийн газрын бодлогыг сонсов. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Шатахууны савлагаа, хомсдлоос үүссэн иргэдийн бухимдал бодит зүйл болсон. Гэтэл өөрсдийгөө өмөөрөөд суугаад байх юм. Хэн хариуцлага хүлээх вэ?

Долоон татвар нэмж болохгүй гэж байхад нэмнэ гээд л нэмсэн. Өнөөдөр гарч байгаа үр дүн бол хамгийн эхнийх нь.

Дараагийнх нь бусад татварын нэмэгдлээр гарч ирнэ. Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл байна. Та бүхэн нэг л зүйлийг ойлгохгүй байна. Бид ядуу эдийн засагтай орон. Ядуу эдийн засагтай орны иргэд ядуу байгаа гэдгийг ойлгохгүй байна. Ядуу иргэдтэй орон үнэ тогтворжуулах хөтөлбөрийг стратегийн хоёр бүтээгдэхүүн дээр үе үеийн засгийн газар хийж ирсэн. Энэ бол бензин шатахуун, гурил хоёр. Гэтэл та бүхэн өнөөдөр огт тоохгүй байна. Бензин шатахуун зах зээлийнхээ голдирлоор яваг ээ гэж байна.

Бензин 200-гар нэмэгдсэн байна. Нефтийн нэмэгдлээр дахиад 300 төгрөг нэмэгдэнэ. Үүний ачааг ард түмэн л үүрнэ.

Би Г.Занданштар гишүүнтэй санал нэгдэхгүй байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 127 тэрбум төгрөг зарсан гэж байна. Үүгээр монголын төр Монголбанктай үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байж ард түмний нуруун дээр очих мөнгөний алдагдлыг аварч гарсан. Дизель түлшийг уул, уурхайтай хамаатай гэж ярьж байна. Үгүй шүү дээ. Энэ бол хөдөө, аж, ахуйтай холбоотой. Портер унадаг жирийн малчин иргэдэд хамаатай.  Бүгд дизель түлш хэрэглэж байгаа. Ирэх жил улаан буудайн үнэ өсвөл хэн хариуцлага үүрэх юм бэ? 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс өөрийн гэсэн 2.4 тэрбум долларын нөөцтэй байсан. Үүнийг гөвөөд, 1 тэрбум доллар болгож буулгасан. 2012-2016 оны хооронд Монгол Улсын зээлжих зэрэглэл 5 шат унасан. Жилдээ 4 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг байсан гадаадын хөрөнгө оруулагч нар монгол улсаас дүрвээд -100 сая долларын хөрөнгөө монголоос татсан. ААН, хувийн хэвшлийнхнийг шоронд суулгаад, бизнесйг нь дээрэмдсэн. Энэ бол 2012-2016 он. Энэ хооронд дэд сайд битгий хэл төрийн нарийн нь хүртэл том машин унадаг болсон байсан. Энэ бүгдийг засах гэж ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд явсан. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум доллар хүрсэн. Зээлжих зэрэглэл ч гэсэн өслөө. Гадаадын хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Энэ бол эерэг үр дүн. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газрын хийсэн ажлыг үр дүнд бий болсон.

Эерэг үр дүн байхад бид улс төржмөөргүй байна. 

Бид ийм хүнд байдалд орчихсон учраас хөтөлбөр авахдаа тохирчихсон байсан талтайгаа ярилцаж, ойлголцох шаардлагатай байсан. Үүн дээр цөөн тооны өдөр хоног алдсан нь үнэн. Цаашдаа энэ салбар дээр зах зээлийн арга хэрэгслүүдийг сайн нэвтрүүлэх чиглэл дээр онцгой анхаарч ажиллана. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Шатахууны үнийн асуудлыг улстөржүүлмээргүй байна. Шатахууны үнийг бид тогтоодоггүй.

Хэн хариуцлага хүлээх вэ гэвэл танай нам буюу Ардчилсан нам хариуцлага хүлээнэ.

Та бүхний авсан 18 хүртэлх хувийн хүүтэй зээлийг ОУВС-гийн багцад орж 0.2 болгосон.. Энэ онд та бүхний авсан зээлийн хүүд 1.1 их наядыг төлж байна. 1.9 их наядын зээл төлж байна. Нийтдээ 3 их наядыг та бүхний өрийг төлж байна. ОУВС та бүхний тавьсан өрийг нэмэгдүүлэхийн тулд энэ татваруудыг нэмэгдүүл гэсэн шаардлагыг тавьсны дагуу нэмэгдсэн.