ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг  өвс тэжээлийг сумдад хүргэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2018.01.27

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвс тэжээлийг сумдад хүргэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Шуурхай бүлэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авлаа.

Говь-Алтай аймаг нь засаг захиргааны хувьд 18 сум, 83 багтай. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3801.7 мянган малтай. Тус аймгийн нийт малчин өрхийн 9,6 хувь нь, малын 10,1 хувь нь буюу 394.8 мянган толгой мал отроор өвөлжиж  байна. Аймгийн нийт нутгаар 11 сараас эхлэн цас хялмаалан өдөр тутам нэмэгдсээр  өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтож тал хээртээ 10-15 см, уулархаг газар болон гуу жалгандаа 120-140 см цастай 1-р сараас огцом хүйтэрч эхэлснээс өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод байгаа талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга мэдээлээд өвөлжилтийн нөхцөл байдлаа танилцууллаа.

Говь-Алтай аймгийн Захиргаа, Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу Аймгийн аюулгүйн нөөцөд 209 тн өвс, 85 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 622 тн өвс, 223 тн тэжээл бэлтгэснийг зарцуулж  дууссан. Төсвийн тодотголоор олгосон 244.5 сая төгрөгөөр сумдад өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн нөхөн бүрдүүлэлтэд 90 тн өвс, 304.6 тн тэжээл нийлүүлэхээр гэрээ хийгдсэнээс 90 тн өвс сумдад олгогдож  тэжээл татан авах ажиллагаа үргэлжилж байна.

Аймаг дахь улсын нөөцийн салбараас нийт хадгалагдаж байгаа өвсний 20 хувьтай тэнцэх хэмжээний өвсийг дансны үнээр нь малчдад худалдан борлуулсан байна.

Тус аймагт Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх “Өвөл, хаврыг өнөтэй давъя” арга хэмжээний хүрээнд “Арованна”ХХК, “Жинст транс”ХХК, “Галин интернешнл”ХХК, “Алтайн сүрлэг нуруу”ХХК  аж ахуйн нэгжүүд импортын тэжээлийг худалдан борлуулж байна. Өнөөдрийн байдлаар 275 тонн тэжээл зарагдсан нь бүх сумдын нөөцтэй тэнцүү хэмжээний тэжээл малчдын хотонд очжээ.    

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ бусад холбогдох албаны зүгээс өвөл хаврыг хохирол багатай давах тухайд онцгой анхаарал хандуулж бодлогоор зохицуулалт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байна. Гол нь авсан арга хэмжээг ажил хэрэг болгох, малчиддаа зөв мэдээлэл өгөх, нөөц боломжийг нь таниулах нь чухал байна. Ажилдаа хаа хаанаа хариуцлагатай хандаж байгалийн зуднаас гадна хариуцлагүйн зуданд нэрвэгдэхгүй байх ёстойг анхаарууллаа. Мөн аймаг сумдын удирдлагууд ажлын уялдаагаа сайжруулж хүндрэлийн эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг үүрэгдлээ.ХХААХҮ-ийн сайд өвөлжилт хүндэрч байгаа сумд руугаа өвс тэжээлээ түлхүү төвлөрүүлж хямд үнээр өвс тэжээл борлуулахаар ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдийн аймгийн ХХАА-н газар шахаж ажиллах, тэжээлийг сумдад хүргэж борлуулахад нь хяналт тавихыг даалгалаа.