Н.Цэрэнбат: Агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах замаар иргэдийн амжиргаанд нөлөөлөх технологиудыг бүх талаар нь дэмжинэ
2018.01.27

Н.Цэрэнбат: Агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах замаар иргэдийн амжиргаанд нөлөөлөх технологиудыг бүх талаар нь дэмжинэ

ИХ-ын даргын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэхүү ажлын хэсгийнхэн агаарын бохирдол хамгийн их 1 сарын хугацаанд агаарын бохирдлын эсрэг өөрсдийн аргаар тэмцэж буй гэр хорооллын айл өрхүүд, ААН, байгууллагуудын нэвтрүүлсэн шинэлэг санаа, технолгогиудтай газар дээр нь очиж танилцаж, цаашид агаарын бохирдлыг бууруулахад ямар шийдэл хэрэгтэйг судалсан билээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажлын хэсгийн гишүүдийн хамт өнгөрсөн 1 сарын хугацаанд бүх техник, технологийн шийдэлтэй танилцсан бөгөөд өнөөдөр  ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, гишүүн Д.Тэрбишдагва нарын хамт агаарын бохирдлыг бууруулах технологиудыг нэвтрүүлсэн ААН-үүдийн хүсэлтийн дагуу үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэднийг дагалдан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун нар явсан.

Дарь эхийн 21 дүгээр хороонд цэвэр бохир, дулааны асуудлаа шийдсэн “Зохицол” хотхоноор хамгийн эхэнд орж, танилцсан бөгөөд эднийх 0.7 га газартаа 80 м2 бүхий 5 ширхэг хаусыг Эм Ай Эйч Групп ХХК-иар бариулан тохилог амьдарч байна. Хауснаас гадна хашаандаа айл тус бүр 1 машины граж бариулж, дээр нь сагсны талбай байгуулсан нь ойр хавийнхан дундаа бүү хэл Улаанбаатарт цөөн хаус хотхоны тоонд багтахаар аж. “Зохицол” хотхоныхон  хашааныхаа гэрлийг нарны эрчим хүч ашиглан шийдсэн бөгөөд цаашид нарны эрчим хүчийг ашиглан цахилгааныхаа асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан. Ингээд тус хотхоны оршин суугч Д.Гантуяагийн сэтгэгдлийг хүргэж байна.

Тус хотхоныг барьсан Эм Ай Эйч ГРупп ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй ярихдаа “Төрөөс дэд бүтцийн асуудлыг шийдээд өгчихвөл 80 м2 хайусыг бид 30 сая төгрөгөөр цэвэр бохир, дулааных нь асуудлыг шийдсэн байдлаар барих боломжтой. Үүнийгээ мэдээж банкны зээлд хамруулах асуудлыг ч судалж үзсэн. Боломжгүй зүйл биш. Манай байшингууд дулаан алдагдал маш бага. Бариулсан айлууд маань өглөөнөөс орой хүртэл цахилгаанаар халаахгүй. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэхийн тулд шөнө л цахилгаанаар халаадаг. Ийм байхад өдөрт 4 цагийн хооронд байшингийн дулаан дөнгөж 2 хэмээр л буурч байгаа нь дулаан алдагдал бараг байхгүй гэдгийг нь нотолно” хэмээсэн юм.

Үүний дараа ажлын хэсгийнхэн “Баянхошуу” дэд төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Уг төвийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд байгуулахаар ажиллаж байгаа юм. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд төвлөрсөн хэсэг бүрт бичил станц байгуулна гэж заасан. Ингэснээр цахилгаан, дулааны станциудид ачаалал нэмэхгүйгээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх эхлэл тавигдана гэж үзэж байгаа юм.

“Баян хошуу” дэд бүтцийн төвөөс гарч, “Утаагүй галт тэрэг” төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тус нийгэмлэгийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан агаарын бохирдлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулахаар “Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлэхээр санаачлаад байгаа гэнэ. Ингэхдээ “Japan flare” хэмээх галт тэрэгний сайжруулсан зуухыг галт тэрэгнүүддээ суурилуулах шийдлийг сонгосон бөгөөд энэ нь галт тэргэнд шилжүүлэн суурилуулах боломжтойгоос гадна нүүрсний зарцуулалтыг 40 хувь бууруулж, ажлын байрны нөхцлийг сайжруулдаг болох нь туршилтаар баталгаажсан байна. Зорчигчийн галт тэрэг л гэхэд 9 сараас 5 сар хүртэл бүрэн галлагаатай байж, дунджаар 10 мянган тонн нүүрс хэрэглэдэг нь 3500 айлын яндангаас гарах утаатай тэнцүү утаа үйлдвэрлэдэг тухай тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа танилцуулсан юм.

 

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн галт тэрэгнүүдтэй танилцаж, төслийн талаарх мэдээллийг авсны дараа ажлын хэсгийнхэн газрын гүний дулааныг ашиглан барилга байгууламжийн халаалт, халуун усны хангамжийн болон хөргөлтийн асуудлыг цогцоор нь шийдсэн технологийг нэвтрүүлсэн “Монгол түлш” ХХК-ийн загварын байртай танилцлаа. Тус компанийнхан газрын хөрсөнд шингэсэн нарны болон газрын гүнээс гарах дулааныг ашиглан орон сууц халаах, халуун усны асуудлыг шийдэж болох төхөөрөмжийг Зайсангийн танктай хөшөөний урд өөрийн загварын байранд байршуулжээ. Уг төхөөрөмж нь зундаа хөргөлтийн системийн үүргийг давхар гүйцэтгэдэг талаар тус компанийн инжинер Ө.Мөнхбаатар танилцуулсан. Энэ төхөөрөмжийн гол онцлог нь дэд бүтэцгүй байсан ч хамаагүй газрын гүний дулааныг ашиглан барилга, байшинг дулаанаар хангаж, халуун усны асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдгийг дуулгалаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүдийн нэвтрүүлсэн техник технологитой танилцсаны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дараах байдлаар хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.