Д.Цогтбаатар 2018.01.25 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын "Бүс ба зам" хуралдаанд илтгэл тавьлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын "Бүс ба зам" хуралдаанд илтгэл тавьлаа

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас зохион байгуулсан “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Бүс ба зам” хуралд оролцож илтгэл тавив.

Тэрээр илтгэлдээ БНХАУ-ын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачлагыг Монгол Улс дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, уг санаачлага нь Торгоны замын түүхээр манай улстай салшгүй холбоотой ба өрнө дорны олон улс, түмнүүдийн соёл иргэншлийн дунд холбогч гүүр, тээвэрлэгч зөөвөрлөгчийн үүргийг гүйцэтгэж байсныг цохон тэмдэглэлээ.

Мөн тэрээр БНХАУ-ын уг санаачлага, үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуу орших улс орнууд, түүний дотор далайд гарцгүй Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр улс орны хооронд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны орон зайг бий болгох төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 25-ны өдөр Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлох нь” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо. Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтын ерөнхий сэдвийн хүрээнд болсон уг хэлэлцүүлгээр Гадаад харилцааны сайд ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Тереза Мэй, Канад Улсын Ерөнхий сайд Жастин Трудо, Израил Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Бэнжамин Нетаньяху зэрэг улсын төр засгийн тэргүүн, бусад эдийн засгийн салбарын удирдагчидтай улам бүр хурдацтай өөрчлөгдөн талцаж буй өнөөгийн нийгэмд үндэсний эрх ашгийг дэлхий дахины даяаршилтай уялдуулах, хамтын алсын хараа, зорилготойгоор ирээдүйг цогцлоох асуудлыг хэлэлцэн санал солилцлоо.

Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд шейх Мохамед Бин Абдулрахман Аль-Тани, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнасио Кассис, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, Энэтхэгийн Парламентын гишүүн Камал Нат, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штейнер нартай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудаар ярилцав.

Мөн тус чуулга уулзалтад оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Усны аюулгүй байдлыг эргэж харах нь” зэрэг хэлэлцүүлэгт оролцов.

Түүнчлэн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворкович болон БНТУ-ын Шадар сайд Мехмет Шимшек нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.