Я.Содбаатар: Ном унших нь ОЮУНЫ АМРАЛТ болдог
2018.01.30

Я.Содбаатар: Ном унших нь ОЮУНЫ АМРАЛТ болдог

“Ширээний ном” буландаа УИХ-ын гишуун Я.Содбаатарыг урилаа.

-Таныг ном их сонирхдог, бас бичдэг гишүүн гэдгийг мэднэ. Одоогоор ямар ном уншиж, судалж байна вэ?

-Хөгжлийн бодлого, түүх, уран зохиолын чиглэлийн ном унщдаг.

Яг одоогоор миний ширээн дээр түүхч Содбилэгийн бичсэн “Монголын Их Юань улсын түүх” ном байна.

Энэ ном нь түүхийн судалгаан дээр тулгуурлан бичсэн нилээд нямбай бүтээл болжээ. Ялангуяа Их Юань улсын хаад, хатдын төр барьж байхдаа хийсэн алдаа оноог шүүн оруулж, олон эх сурвалж ашигласан байна. Мөн өнөөдөр би нэг номоо хэвлэлтэд шилжүүллээ. “Сайн ноён хан аймгийн сайн ноёны хошууны 1922 оны хүн малын данс” нэртэй архивын баримт бичгийг хэвлүүлэх гэж байна. 2018 онд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 140 жилийн ой болох гэж байна. Удахгүй Засгийн газраас энэ ойг тэмдэглэх комисс гарч ажиллана.

-УИХ-ын гишүүний ажил нэлээд цаг завгүй байдаг. Хэдийгээр нь ном уншиж, бичиж амжиж байна уу?

- ном уншаад сурчихвал заавал нэг цаг зав  гаргах шаардлагагүй. Би түүхийн номыг уран зохиол, хөгжлийн номыг өөр чиглэлийн бүтээлтэй гээд нэг зэрэг 2-3 ном уншчихдаг. Гэртээ амрахдаа, хурал хүлээж байх хоорондоо уншаад дуусчихна. Түүнээс биш заавал цаг зав гаргаад сууна гэж байхгүй. Дурлаж, шимтэж хийж байгаа ажил болохоор их сайхан байдаг.

Хамгийн сүүлд гэхэд уран зохиол талаасаа Цэмбэл гуайн “Тэмцэл”, Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” романыг уншсан. Харин бие даан гурав дахь бүтээлээ эмхэтгэн гаргалаа.

Ялангуяа, түүхийн чиглэлд анхаарч байна. Удахгүй Монгол Улс газрын баялаг ашигласан түүхээр нэг бүтээл гаргана. Ер нь энэ ондоо гурван ном хэвлүүлэхээр төлөвлөсөн.

-Ном уншихын ач холбогдол хэмжээлшгүй юм. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Хүн ном уншдаг хэвшилтэй болох хэрэгтэй. Тэгвэл номыг их хурдан уншдаг болно. Мөн мэдээ мэдээлэлд дүгнэлт хийж, дүгнэх чадвартай болно. Нөгөө талаас ном унших нь оюуны амралт болдог. Сүүлийн үед цахим орчин нэлээд хөгжиж байна. Хүүхэд залуучууд тэр тал руу анхаардаг болжээ. Гэхдээ цаасан материал, үндсэн их сурвалжийг авч унших нь илүү их ач холбогдолтой.

Сэтгүүлч Т.Батсайхан