Б.Батзориг 2018.01.30 | Сонин: Монголын үнэн

Б.Батзориг сайдад БАЯР ХҮРГЭЕ

Б.Батзориг сайдад БАЯР ХҮРГЭЕ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт баяр хүргэмээр байна.

Учир нь, тэрбээр малын хивэг, тэжээлийн үнийг тэнгэрт хадахаас урьдчилан сэргийлжээ. Малын хивэг тэжээл жижиглэнгээр борлуулдаг хувь хүмүүс өвөлжилт хүндэрсэн сургаар үнэ өртгөө нэмж, зарим нь тэнгэр муудахыг хүлээж хав дарж суудаг байсан нь худал биш юм.

Харин энэ жил худалдаачид дураараа авирлаж чадахааргүй болжээ. 

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар малын хивэг, тэжээл зарж байгаа хүмүүс баримт үйлдэж, худалдаа хийсэн иргэдийн гарын үсэг, утасны дугаарыг авч үлддэг болсон байна.

Энэхүү нүдээ олсон ажлын үр дүнд хивэг тэжээлээ цөөн тоогоор, өндөр үнээр авдаг байсан малчид энэ жил 25 килограммтай хивгийг 11000 төгрөгөөр худалдан авч байна.

Сайдын тушаал гарахаас өмнө хивэг 13000 төгрөгийн үнэтэй байсныг тодотгох нь зүйтэй.

Мөн өнгөрсөн жилийн өдийд малын тэжээлийн олдоц тааруухан, 15000 төгрөгөөр нэг шуудай хивэг авдаг байсан юм.

Тиймээс л Б.Батзориг сайдад талархаад байгаа хэрэг. Цаг үеэ мэдэрч зөв шийдвэр гаргасан ХХААХҮ-ийн сайдаас суралцаж, зах зээлд үнийг нь хянаж болох зүйлд анхаарч иргэдийн нуруун дээр ирэх ачаанаас бага ч атугай хөнгөлж байгаасай хэмээн бодож үүнийг бичлээ.