Ц.Баатархүү: Нийслэл хотыг хөгжүүлэх БОДЛОГО эрх баригчдад БАЙХГҮЙ байна
2018.01.31

Ц.Баатархүү: Нийслэл хотыг хөгжүүлэх БОДЛОГО эрх баригчдад БАЙХГҮЙ байна

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт НИТХ хуралдсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хэлэлцэхийг хойшлуулсныг АН-ым бүлгээс шүүмжилж байсан. Энэ асуудлыг яагаад хэлэлцээгүй гэж үзэж байна вэ?

-Нийслэл хотын хөгжил дэвшил гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүнтэй салшгүй холбоотой нь ойлгомжтой.

Өнөөдөр гэр хороолол асуудал мэт боловч зөв төлөвлөж чадвал нийслэлийн ирээдүйн хөгжлийн гарц.

Харамсалтай нь Нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох асуудлыг бүтэн нэг жил зургаан сар хэлэлцүүлсэнгүй. Санаачилга гаргасангүй, өмнө хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрийг ч явуулсангүй.

Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар НИТХ хэлэлцэх байсан ч олонх татаад авчихлаа. Ер нь эрх баригчдад Нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, хөгжлийн концепц байхгүй юм байна гэдэг нь харагдаж байна.

-Нийслэлийг агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн боловч бид хэвийн байгаа мэт, ийм л байх ёстой юм шиг хүлээж авдаг болсон байна. Өчнөөн төсөв хөрөнгө зарцуулаад байгаа хэрнээ яагаад утааг бууруулж чадахгүй байгаа юм бэ?

-Утаатай тэмцэхийн тулд утааг гаргаж буй шалтгаантай тэмцэнэ шүү дээ. Гэтэл утаа үүсгэгч хамгийн том шалтгаан болох 200 мянга орчим янданг цөөлөх цогц бодлого явуулсангүй. Харин утаагүй зуух, утаагүй түлшний хөтөлбөрүүдээ нэр шошгыг нь өөрчлөн үргэлжлүүлсээр байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тараах, нийлүүлэх ажил нь ч тун хангалтгүй байна. Тухайлбал, Нийслэлийн 2017 оны агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 1700 тонн сайжруулсан түлш нийлүүлэхээр төлөвлөсөн ч одоо дөнгөж 500 тонн түлш нийлүүлэгдсэн байх жишээтэй. Мэдээж агаар орчны бохирдлыг бууруулах асуудал бол улс төржүүлдэг сэдэв биш.

Гэхдээ хариуцлага нэхэж хяналт тавьж байхгүй бол үр дүн гарахгүй. Хувийн хэвшлийн оролцоо, мэргэжлийн судлаачдын шинэ санаачилгууд ч чухал. Өмнөд хөршид гэхэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 700 гаруй шинэ санаа бүртгэгдсэн байдаг юм билээ? Бид зөвхөн захиргааны аргаар биш эдийн засгийн хөшүүргүүдийг яаралтай бодлого болгох хэрэгтэй байна.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд эдийн засгийн ямар хөшүүргийг хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, дагуул хот, орон нутаг, шинэ суурьшлын бүсүүдийг кластераар хөгжүүлж байж төвлөрөл багасна. Дагуул хотууд, аймгууд, шинэ суурьшлын бүсүүд ажлын байраа тойрч бий болно. А

жлын байр нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, эдийн засгийн дэмжлэгээр тэнд тогтож үлдэнэ. Хөдөө байгаа үйлдвэр хотод байгаас илүү хөнгөлөлттэй байж л нийслэл орон нутгийн ялгаа гарна шүү дээ.

Хоёрт, Арилжааны банкууд, хувийн хэвшлийхэн, гадны хөрөнгө оруулагчид “Ногоон зээлийн сан” байгуулан ажиллах сонирхолтой байдаг.

Бид Нийслэлийн Ногоон зээлийн сан, дахин төлөвлөлтийн журмын шинэчлэл хоёрыг хоёрдугаар сард багтаан НИТХ- аар хэлэлцүүлэх саналыг хотын даргад хүргүүлсэн байгаа.

Гуравт, гэр хорооллын 200 орчим мянган янданг дахин төлөвлөлтийн, барилгажуулах, цахилгаанаар, газаар халаах, сэргээгдэх эрчим хүчний амины сууцууд гэх мэт бүсүүдэд хуваан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг яаралтай татаж байж л утаа буурна. Иймд эөв төлөвлөлт, тууштай байдал чухал байгаа юм даа.

-Хотынхны хувьд шатахуун түгээгүүрт оочирлосон өдөр хоногууд сая өнгөрлөө. Өнөөдөр ийм байдалд ороод байгааг та нийслэлийн төлөөлөгчийнхөө хувьд ер нь юу гэж харж байна вэ?

-Шатахууны үнийн тухайд хүмүүс нэг бол Засгийн газрыг шүүмжилж, нөгөө бол импортлогчдыг шүүмжилж байна. Шатахууны хараат байдлыг багасгахын тулд нийслэлчүүд өөр гарц хайх хэрэгтэй. Эхний ээлжид эко хэрэглээтэй нийтийн тээвэр, такси үйлчилгээ хөгжүүлж, нийслэлийн аатобаазууд, дүүргүүдийн хот тохижилтын авто баазуудыг хабрид, хий, цахилгаанаар ажилладаг автомашинтай болгоод эхэлбэл энэ их шатахууны хомстлын талаар нийгмээрээ нүүр тулаад байхгүй л болов уу.

Энэ асуудал дээр хотын захиргаа санал санаачилгатай, манлайлан ажиллаж ажиллах цаг болсон.

Амины автомашины зохист хэрэглээг бодлогоор дэмжихийн тулд нийтийн тээврийг аюулгүй, ая тухтай, шуурхай болгох санаачилгуудаа хэрэгжүүлэх нь чухал байна. Дэлхийн даяар хотжих үйл явц хүчтэй явж байна. Нийтийн тээврийн хөгжлийн стратеги бол хотын амин чухал шийдэх ёстой асуудлын нэг. Даанч бид орхигдуулж байна.

-Эрх баригч нам УИХ-д 65 суудалтай, Нийслэлийн ИТХ-д 34 суудалтай дийлэнх олонх. Дийлэнх олонхио бүрдүүлсэн МАН хэр хэмжээнд ажиллаж байна вэ?

-Бид эрх баригчдын бодлогын алдааг нь хэлдэг, амлалтыг нь сануулдаг. Эрх баригчдад одоо ч тэр, өмнө ч хангалттай ажиллах цаг хугацаа, эрх мэдлийн боломж байсан.

Гэвч энэ боломжийг тэд алдчихляаа.

Өчигдөр татварын шатлалаа буцаах шийдвэр гаргаж тэтгэврийн нас болон нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр нь үлдээсэн байна.

Хамгийн харамсалтай нь ачааны хүндийг ард иргэддээ үүрүүлчхээд өөрсдөө урсгал зардлаа танахгүй байна.

Тухайлбал, нийслэлийн удирдлагуудын урсгал зардал 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 33 тэрбум төгрөгөөр өссөн.

Нийслэлийнхний гадаад томилолт хэрээс хэтэрсэн. Сая шинэ жилээр нийслэлийн олон дарга гадаад яасан байна лээ. Ямар зардлаар, ямар зорилгоор яасан нь тадөрхөй бус байна. Шилэн дансны хуулиар ил болгох ёстой. Гэвч бүгд хаалттай. Э.Бат-Үүл дарга гадаад гөмилөлтын талаар бүгдийг нээлттэй оруулдаг байсныг та бүхэн санаж байгаа. Одоо шилэн данс руу ороод үзээрэй, байхгүй.

-НИТХ-ын үйл ажиллагаанд олон хүн шүүмжлэлтэй ханддаг. Та сөрөг хүчний ахлагчийн хувьд юу гэж харж байна вэ?

-НИТХ төсөв баталдаг, Нийслэлийн Засаг даргыг томилдог, огцруулдаг л байгууллага болж хувирлаа. Энэ удаагийн НИТХ-ын баталсан журмуудаас зөвхөн нэг журмыг л хууль зүйн яам бүртгэсэн, НИТХ-аас нийтээр дагаж мөрдөх эрхзүйн акт батлан мөрдүүлж болох эсэх, мөрдөхгүй бол ямар хариуцлага хүлээлгэж болох эсэх тодорхой биш болсон.

Үүнийг би хотын засаглал хямарчихлаа гээд байгаа юм.

НИХТ хоёр биш, гурван бүлэгтэй мэт ажиллаж байна. Эрх баригч намын зөрчил иргэний байгууллагын ажлыг гацаачихаад байгаа. Цаашид нийслэлийн эрхзүйн бие даасан байдлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай нөхцөл үүссэн. Бид хуулийн төсөлд олон санал хүргүүлж байгаа. НИТХ байнгын ажиллагаатай байх эсэхийг ч нэг мөр шийдэх хэрэгтэй байна. НИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргүүдэд байгаа 350 төлөөлөгчийн үйл ажиллагааны давхцлыг ч нэг мөр шийдвэрлэх цаг болсон.

-Нийслэл Улаанбаатар хот хөгжихгүй байгаагын гол шалтгаан юу вэ?

-Хотын засаглалыг сайжруулах, ойлгомжтой болгох ёстой, Газрын харилцаа, хот байгуулалт, барилга ул хөдлөх хөрөнгө гэсэн салбаруудын уялдаа чухал юм билээ. Нэг хэсгийг нь яам мэддэг байхад заримыг нь хот мэддэг зөвшөөрлүүд олон байна. Ийм уялдаагүй учраас тэр бүхэнд улс төрийн, хөндлөнгийн нөлөөлөл хүчтэй орох боломжтой. Энэ бүхэн төрийн үйлчилгээг ИЖИЛ ТЭГШ хүргэх боломжийг багасгаж байна.

Жишээ нь хотын захиргаа хаана, хэнд ямар зориулалтаар газар өгснөө ядаж ил болгох хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр Туул голын эргээр иргэд тав тухтай амарч зугаалах боломж алга. Туул голын эргийн газрыг Монголын нөлөө бүхий бизнес эрхлэгчид болон улс төрчид хуваагаад авчихсан. Тэд хаанаас, ямар хугацаагаар, ямар зориулалтаар зөвшөөрөл авсан нь нууц байгаа биз.

ХОТ маань Туул голын өмнөх болон хойдох гэсэн хоёр хэсэгт хуваагдчихсан.

Нийслэлийн эдийн засаг санхүүг өөдт атахын тулд хууль эрхзүйн өөрчлөлтүүд хийх, бие даасан татвартай байх тухай 2013 оноос л тухайн үеийн удирдлагууд бодитой санаачилгууд гаргасан. Цаашид Үндсэн хууль болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зүйлс цөөнгүй ч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг чамбай сайн боловсруулж баталаал олон зохицуулалт хийгээд авна. Эхлээд цаасан дээр хотын ажил уялдаатай болох нөхцөлийг нь бүрдүүлье. Цаасан дээр уялдаад ирвэл бодит байдал дээр холбогдож эхэлнэ гэж бодож байна.

Сэтгүүлч Б. ДОЛЗОДМАА