Гадны улсад газар худалдах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж байна гэв
2018.01.31

Гадны улсад газар худалдах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж байна гэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2018.01.30) хуралдаанаар Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Иймээс тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар энэ төслөөр монголын төр тодорхой хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, түүнийгээ олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргийнхээ дагуу гадны улсын дипломат төлөөлөгчийн газарт ашиглуулахаар тусгасан байгаа.

Гэтэл энэ асуудлыг улстөржүүлэн гадны улсад газар худалдах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулсан мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацаж байгаад холбогдох яамд анхаарч олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс албан ёсны тайлбар мэдээлэл хийх шаардлагатай байна гэдгийг хэлсэн юм.

Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.