О.Содбилэг 2018.01.31

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон тухай батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон тухай батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өчигдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс тус банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар Сангийн сайд болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, нийтдээ 9 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Тухайлбал, уг зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт 24 сургууль, хүүхдийн 16 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, шинээр 2 сургууль, 8 цэцэрлэгийн барилга барьж гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Мөн энэхүү зээлийн санхүүжилтээр хэд хэдэн аймагт нарны, салхины болон нар-салхины хосолсон станц барих, гүний халаалтын систем суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх, төсөв, санхүү, татварын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийслэлийн Сэлбэ, Баянхошуунд дэд төвүүд байгуулах замаар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, 5 аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг лаборитарийн хамт барих, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн цогц үйлчилгээг төвлөрүүлэх зорилгоор Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Архангай, Дорноговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор барих, Улаанбаатар хотод инкуватор төв байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 130 сая ам.долларыг нь улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах юм байна.

Харин 38 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж хатуу хучилттай болон сайжруулсан шороон зам, дугуйн зам тавих, цэвэрлэх байгуулж барих, автомашины зогсоол, мэдээллийн төв байгуулах, зарим зам гүүрийг шинэчлэн засварлах зэрэгт 35 сая ам.доллар зарцуулах, үлдсэн 3 сая ам.долларыг Хан Хэнтий, Орхоны хөндий, Өгийнуурын байгалийн аялал жуулчлалын бүсийн ТЭЗҮ боловсруулахад зарцуулахаар төлөвлөсөнд Байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Учир нь Их эзэн Чингис хааны өлгийн нутаг, Монголын түүхийн дурсгалт газар болох Хан Хэнтийн байгалийн аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх асуудалд Байнгын хорооны гишүүд анхаарал хандуулж, зээлийн санхүүжилтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байх үед энэ хүрээнд тодорхой хөрөнгө тусгахаар шийдвэрлээд байсан юм. Өмнөх Засгийн газар ч энэ асуудлыг дэмжиж байжээ. Гэтэл АХБ-ны зүгээс өмнө нь хэрэгжүүлсэн төслийн судалгаа тооцоонд үндэслэн нэгэнт ТЭЗҮ нь хийгдэж, тодорхой үр дүнд хүрээд байгаа Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийн санхүүжилтийн асуудлыг энэ удаад бүрэн шийдэх нь зүйтэй, харин Хан Хэнтий, Орхоны хөндий, Өгийнуурын аялал жуулчлалын бүс нутгийн судалгаа тооцоог хийх санхүүжилтэд зохих хөрөнгө мөнгө тусгаад ТЭЗҮ нь бэлэн болохоор дараагийн удаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамруулъя гэсэн байр сууриа илэрхийлсний дагуу дээрх төслийн задаргааг оруулж ирснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдэд танилцуулав.

Тэрбээр энэ санхүүжилтийг төсөл нэг бүрээр биш бүхэлд нь батлах учиртай юм, хэрэв нэг асуудал задарвал төсөл бүхэлдээ хойшлогдож, асуудлыг анхнаас нь эхлэхэд хүрнэ гэдгийг сануулж байв. Сангийн сайд ч гишүүдэд мөн ийм утгатай тайлбар хэлж, хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжихийг хүссэн юм.  

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Батболд, О.Содбилэг нар энэ зээл нь хүү багатай, урт хугацаатай сайн нөхцөлтэй хэдий ч зээл үр өгөөжөө өгсөн, үлдэцтэй байх ёстой, Засгийн газар, холбогдох яамд цаашид аливаа төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцээрийн санхүүжилтийн асуудалд нухацтай хандаж төсөв хөрөнгийн зарцуулалтын задаргааг хамтад нь оруулж ирж байх шаардлагатайг сануулж байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар төрийн ажил, бодлого шийдвэр залгамж чанартай байх ёстой, өмнө гаргасан шийдвэр, зарчмаасаа ухраад байж таарахгүй гэдгийг анхааруулаад санхүүжилтийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн задаргааг ажлын хэсэг дахин авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.