Хүрэлбаатар.Ч Н.Амарзаяа 2018.02.01 | Сайт: Vip76.mn

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-аар дээрх хуулийг баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татвар ногдуулсныг буцааж, 10 хувийн татвар ногдуулахаар болж буй юм.

Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийсний үндсэн дээр татварын энэхүү нэмэгдлийг буцаах тохиролцоонд хүрсэн юм.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдав.

Харин хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Төсвийн байнгын хорооны хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хэлэлцжээ.
Тус байнгын хорооноос Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 100 хувь дэмжжээ.
 Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулахад чуулганд оролцсон гишүүдийн ихэнхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.