Нийгмийн даатгалын сангийн алдагдал НОЦТОЙ хэмжээнд хүрчээ
2018.02.01

Нийгмийн даатгалын сангийн алдагдал НОЦТОЙ хэмжээнд хүрчээ

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Хуулийн төсөлд тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.

Мөн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцох байсныг  аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор хуулийн төсөлд тусгажээ

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 7 жил болгож нэмж байгаа нь хэр цаг үеэ олсон шийдвэр вэ хэмээн хууль санаачлагч Засгийн газраас асуусан юм. 

Тэрээр "Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгож байгаа нь зөв зүйтэй юм. Мөн тэтгэврийн даатгалын дараалсан 5 жилийг 7 жил болгох асуудал орж ирж байна. Ингэснээр мэдээж Нийгмийн даатгалын сангийн хуримтлал нэмэгдэх нь тодорхой. Ингэж өөрчилснөөр хэчнээн хэмжээний хөрөнгө нийгмийн даатгалын санд хуримтлагдах тооцоо байгаа вэ? Ингэж жил нэмэх эсэх дээр эргэлзээ байна. Сайд нарын ярьж байгаагаа зарчим, бодлого нь зөв байж магадгүй. Гэхдээ яг өнөөдрийн хувьд ард иргэдийн амьжиргаа, нийгэм, эдийн засгийн байдал төдийлөн сайн биш байгаа энэ үед тэтгэврийн бодлого дээр хийж байгаа өөрчлөлт хэр зохистой вэ?" хэмээсэн юм

Түүний асуултад Сангиийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Ний нуугүй хэлэхэд нийгмийн даатгалын сангийн алдагдал НОЦТОЙ хэмжээнд нэмэгдэж байна.

2014 онд НДСанд 292.6 тэрбум төгрөг өгдөг байсан бол 4 жил дараалан нэмэгдээд энэ нь 2018 онд 610 тэрбум төгрөгт  хүрчихсэн байна. Удахгүй 1 их наяд хүрнэ.

Насаараа хөдөлмөр эрхлээд ажиллаж байгаа энгийн ажилтан 30-40 жил ажиллаад 20-30 сая төгрөг төлчихсөн байхад зарим нөхөд хуулийн цоорхойг ашиглаад 5 хан жил өндөр цалинтай ажил хийгээд /зарим нь бүүр ажил хийдэг ч үгүй/ өндөр тэтгэвэрт гарч байна. Энэ яг шударга уу? Энэ зөв үү?. Монголын ард түмэн мөнгө нэхэж байгаа биш харин шударга бус зүйлийг засаад өгөөч гэж байна. Бид шударга бус зүйлсийг засаад явах ёстой" хэмээн хариуллаа.