Оюунхорол.Д 2018.02.01 | Сайт: Vip76.mn

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг хэлэлцсэн АБГББХ-ны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.

Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэйсаналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Иймээс тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Ингэснээр тогтоолын төсөл эцэслэн батлагдаж буй юм.

Тогтоолын төсөл батлагдсанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгох юм.