Занданшатар.Г 2018.02.01 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд ОУСК оролцох сонирхлоо илэрхийлжээ

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд ОУСК оролцох сонирхлоо илэрхийлжээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/-ийн Ази, Номхон Далайн бүсийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ хариуцсан менежер Изабел Чаттертон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Засгийн газрын дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажлыг Дэлхийн банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд өндөр үнэлдэг гэдгийг хатагтай Изабел Чаттертон тэмдэглэв.  Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

ОУСК БНХАУ-ын зээлээр Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэргээр цэвэрлэх байгууламжийн ашиглалтын хугацаа дуустал хугацаанд хамгийн бага өртгөөр, үр дүнтэй ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

ОУСК нь сүүлийн 20 гаруй жил дэлхийн 102 улсад энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.