2018.02.01

М.Билэгт: АН-ын авсан зээлүүд 25 дахин өндөр хүүтэй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Зэасгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн таатай нөхцөлтэй авах юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "БНСУ-аас 30 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй, эхний 10 жил үндсэн зээлээс  чөлөөлсөн хөгжлийн зээл авах гэж байна. МАН-ын эрх барьцсанаасаа хойш донор улсуудаас урт хугацаатай, бага хүүтэй хөгжлийн зээл авч байна. Гэтэл АН эрх барьж байхдаа, тухайлбал Чингис, Самурай бонд зэрэг баахан мөнгө босгосон. Жилийн хамгийн багадаа 5 хувийн хүүтэй. Ингээд харьцуулбахаар 25 дахин өндөр хүүтэй байх юм. Мөн АН 4 их наяд төгрөгийг хэвлэж, зах зээлд нийлүүлж, төгрөгийн ханшийг унагаасан. Энд нэг ялгаа байгаад байна л даа. АН засаг барихаар өндөр хүүтэй зээл авдаг.  Үүний цаана үгсэн хуйвалдсан, төрийн өндөр эрх мэдэлтнүүд улс орныг хямраах зүйл үүсдэг юм байна  л гэж би харж байна. Энэ нь эндээс харагдаж л байна. Энэ зээлийн хүүний зөрүү дээр ямар учир байдаг юм бэ? Сайдаа та хариулт өгөөч" хэмээн асуулаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх, зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хоёрт ялгаа байгаа. Хамтын ажиллагааны зорилгоор, бусад улсаас авч байгаа хөнгөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд төсөл дээр тавих хяналт нөгөө талаас орж ирдэг. Яагаад гэвэл тэр улсын иргэд, татвар төлөгчдийн мөнгөө бий болсон хөрөнгө оруулалт учраас тэд шаардлагаа тавьдаг. Өөрөөр хэлбэл хяналт илүү байна гэсэн үг. Харин бондоор санхүүжүүлж байгаа нөхцөлд өөрсдийн дураар зарцуулдаг гэж хэлж болно" хэмээн хариуллаа.