М.Билэгт 2018.02.02 | Сайт: Vip76.mn

М.Билэгт: Эрүүл мэндийн салбарт хэзээ мөнгө зарцуулах вэ?

Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн юм. 

Тэрээр "5 Засгийн газар, 2 Их хурал дэмжсэн энэ зээлийг өнөөдөр хэлэлцэх боломж нь бүрдэж байна.  468 сая доллар, 25 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй,  эхний 5 жил үндсэн зээлээс чөлөөлөх нөхцөлтэй энэ зээл Монгол улсын хөгжилд тус болсон, хөгжлийн зээл болж чадах нь ээ гэж харж байна. Аялал жуулчлалын асуудлыг гишүүд ярьж байна. Энэ мэдээж зөв. Хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь мэдээж чухал дэмжлэг болно. Гэхдээ би нэг зүйлийг энд  хэлэх гэсэн юм.

Эрүүл Монгол хүн бол Монголын баялаг.

Гэтэл энэ 468 сая төгрөгөөс эрүүл мэндийн салбарт нэг ч төгрөг тавигдаагүй л байна. 2012-2015 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрт 3 их наяд төгрөг зарцуулсан байдаг. Үүний 2 их наяд нь зөвхөн замд хөрөнгө оруулалт хийсэн. Сургууль, цэцэрлэгт 55хан тэрбум төгрөг зарцуулсан. Эрүүл мэндийн салбарт нэг төгрөг ч зарцуулаагүй.  

Гэтэл өнөөгийн эршүл мэндийн салбарт итгэх иргэдийн итгэл өдөр өдрөөр буурч байна. Саяхан  БНСУ судалгаа гаргасан байсан. Монгол улсаас БНСУ-д ирж эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэд 2009 онд 850 байсан бол 2016 онд 15 мянга болж, 17 дахин өссөн байна. Жилдээ 500 сая доллар эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авахад урсаж байгаа гэсэн мэдээ судалгаа бий.

Тэгэхээр эрүүл мэндийн салбараа өөд нь татахад анхаармаар байна" хэмээн хэлсэн юм. 

Мөн тэрээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас "Эрүүл мэндийн салбарыг сайжруулах чиглэлд энэ хөнгөлөлттэй зээлүүдээс ямар хөрөнгө оруулалт оруулах вэ?" хэмээн асуулаа. 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө. 

"Гадаадын зээл тусламжаар эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг үе үеийн Засгийн газар баримталж ажиллаж байсан. 2011 онд БНСУ-ын зээлээр 300 сая долларын зээлийг С.Батболд Ерөнхий сайд очиж, гарын үсэг зурж байсан. Энэ хүрээнд үндэсний шинжилгээ, оношилгооны төвд тоног төхөөрөмж зэрэг авч амжилттай хэрэгжсэн.

Юуны өмнө бид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн схемийг зөв болгох юм бол эрүүл мэндийн салбарын хөгжил зөв явагдана гэж үзэж байгаа" гэв.