Энхтүвшин.Ө т.бадрал 2018.02.02 | ОБЕГ-ын ХМА

Орхон аймаг 2018 онд 700 сая төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөжээ

Орхон аймаг 2018 онд 700 сая төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөжээ

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, тохиолдож болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас бүсийн удирдлагын төвүүдийг байгуулан ажиллаж байна.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын хувьд хойд бүсийн аймгуудаа хариуцан ажилладаг бүсийн төв юм.Тэрчлэн Орхон аймгийн төвд Гал түймэр унтраах, аврах гурван анги ард иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилладаг.

Гэвч тус аймгийн хүн амын тоо өсч, төвлөрөл ихэссэн, үйлдвэр, үйлчилгээ хөгжиж хот тэлж байгаагийн хэрээр гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж ч өсөх хандлагатай байгааг харгалзан иргэдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Баян-Өндөр сумын Эрдэнэ багт дахин нэг Гал түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулахаар болсон.

Тус ангийн барилга болон гаражийн төсвийг аймгийн төсөвт тусган дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аймгийн удирдлагуудад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал талархал илэрхийллээ. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал УОК-ын шуурхай бүлгийг ахлан тус аймагт ажиллаж байгаа бөгөөд Орхон аймгийн хувьд гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал харьцангуй шийдэгдсэн, Онцгой байдлын байгууллагын чадавх, техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлүүд шат дараалан хийгдэж байгааг онцолсон юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 2.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан.

Орхон аймгийн хувьд 2018 онд 700 сая төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөсөнийг УОК-ын дарга,  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар онцлон сайшаалаа

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас шинээр УАЗ фургон маркийн хоёр автомашин авч, парк шинэчлэл хийжээ. Гэвч алсын дуудлагад шатахууны төсөв хүрэлцэхгүй байх тохиолдол гарч байгааг Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсөв хүрдэггүйн улмаас амин чухал болон зайлшгүй шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж чадахгүй байгаа гэнэ. Үүнээс гадна малчид болон алслагдсан багийн иргэдэд явуулын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээ хийх, сургалт сурталчилгаанд хамруулахад зориулалтын унаагүйн улмаас мэргэжлийн баг бүрдэж явахад бэрхшээл үүсдэг гэлээ.

Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант суманд нийт 284 өрхийн  725 хүн амтай бөгөөд тус сумдад   0-5 насны хүүхэд  88, жирэмсэн эх 10, өндөр настан 108, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 25 байна. Аймгийн Эрүүл мэндийн газар Булган, Сэлэнгэ аймгийн хил залгаа сумдын отор нүүдлээр өвөлжиж буй малчдын мэдээллийг авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.