Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ
2018.02.02

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан, бизнесийн харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэлийг бий болгож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээ өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглээд, өнгөрсөн онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан хоёр дах удаагийн экспо арга хэмжээнд зохион байгуулагч талын зүгээс өндөр ач холбогдол өгч амжилттай хамтран зохион байгуулсанд талархал илэрхийллээ. 

Мөн цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үүрэг чухал болохыг онцлоод салбарын өнөөгийн байдал болон авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл өгөв. Цаашид ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгааг цохон тэмдэглэв.

БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын зүгээс ӨМӨЗО-д зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн, арга хэмжээнд танилцуулж, худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Замын-Үүд Эрээний чөлөөт бүсийг түшиглэн хорио цээрийн бүс, махны үйлдвэр байгуулах талаар санал тавив.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Монгол-Хятадын Экспо” хоёр дах удаагийн арга хэмжээний үр дүн болон гарын үсэг зурагдсан санамж бичиг,төслүүдийн хэрэгжилтийн явцыг эргэн харж, эрчимжүүлэх талаар санал солилцов. Мөн тус арга хэмжээг олон улсад брэнд болгон сурталчлах, цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэх, зохион байгуулалтын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэгт санал нэгдэж, 2019 онд зохион байгуулагдах “Монгол-Хятадын Экспо” гурав дах удаагийн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахад хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтов.

Төгсгөлд нь 2017 оны 9 сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулсан экспогийн үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн шаардлагын улмаас махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд учирсан хохирлыг барагдуулахад Хятадын талаас 78 мян ам.долларын дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.