Ө.Энхтүвшин 2018.02.05 | Сонин: Монголын үнэн

Шадар сайд Ө.Энхтүвшин цагийн байдлыг үнэн зөв мэдээлэхийн чухлыг сануудав

Шадар сайд Ө.Энхтүвшин цагийн байдлыг үнэн зөв мэдээлэхийн чухлыг сануудав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан Шуурхай бүлэг баруун бопон төвийн аймагт ажиллалаа.

Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Аптай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, үүрэг чиглэл өглөө. Шуурхай бүлэг хамгийн сүүлд Хөвсгөл аймагт ажилласан байна.

Тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцаж, улсын нөөцийн өвс, тэжээлээс 600 тонн өвс, 500 тонн тэжээл өгөхөөр шийдвэрлэлээ. Шадар сайд Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр “Аливаа хүндрэлийг даван туулахад Засгийн газар, аймаг, сум, баг, иргэд хоорондоо мэдээллээ үнэн зөв, шуурхай солилцож байж эцсийн шийдвэр бодитой гарна, хэн хаана, ямар ажлаа гүйцэтгэх нь ойлгомжтой болно” гээд гадаад, дотоодын аялал жуулчлалын төв болсон Хатгал суманд Онцгой байдлын анги байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгав.

Мөн УИХ-ын гишүүд болон Засгийн газраас төлөвлөсөн төсвийн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, нэн шаардлагатай ажилд зарцуулах хэрэгтэйг анхааруулжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Шуурхай бүлэг Булган аймагт ажиллаж, Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хийжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийн мэдээлснээр өвөлжилт, зудын хүндрэлээс болж аймгийн 264 малчин өрхийн 125 мянга шахам мал Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, ГовьсүмбЭр, Орхон, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Увс зэрэг аймагт отроор өвөлжиж байна. Тэдний дотор жирэмсэн эх ес, 0-5 насны 69 хүүхэд , өндөр настан 15, хөгжлийн бэрхшээлтэй долоон иргэн байгаа аж.

Булган аймаг Гамшгийн эрсдэлийг бууруулах сандаа 100 сая төгрөг баталсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100.6 сая төгрөг зарцуулжээ.

Аймгийн Онцгой комисс Рашаант сумын нутагт гарсан шүлхий өвчний тархалтыг бүрмөсөн зогсоох, хүн амд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг тогтмол хүргэн ажиллах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Үүнд 500 сая төгрөг, мал, амьтны шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин, Рашаант сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин авах шаардлагатай байгааг Улсын онцгой комиссоос хүсэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин Булган аймагт улсын нөөцөөс өвс 500 тонн, тэжээл 400 тонн хуваарилахаар шийдвэрлэснээ дуулгалаа. Тэрбээр нэн хүндэрсэн, шаардлагатай байгаа цэгт өвс, тэжээл хуваарилах, шүлхийг дахин гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах, Булганы малчид өөр олон аймагт отроор нүүдэллэж байгаа учраас тэдгээр аймагтай хамтран ажиллах, отроос буцаж ирэх малыг тусгаарлах бүсээр дамжуулж хянах, бэлчээрийнхээ даацад нийцсэн, чанартай мал сүрэг өсгөх бодит шаардлагыг анхаарч ажиллах үүрэг даалгаврыг аймгийн Онцгой комисст өглөө.

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг хамгийн сүүлд Орхон аймагт ажиллалаа.

Тус аймгийн мал сүргийн 50 орчим хувь нь отроор явж байгаа аж. Засгийн газрын тогтоол болон улсын төсвийн санхүүжилтээр аймаг өвс, тэжээлийн нөөцөө зузаатгасан, малчид хувиараа долоон мянган тонныг бэлтгэж өвлийг угтсан боловч нөөцөө дуусчээ.

Улсын онцгой комисс тус аймагт 200 тонн өвс, 50 тонн тэжээл олгохоор шийдэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг баруун болон төвийн 10 аймгийн өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх.гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгч ажиллал аа, Улсын Онцгой комисст зөв мэдээлэл өгч байж зөв шийдвэр гаргуулна. Засгийн газар, аймаг, сум, баг, малчид бидний хамтын хүчин чармайлт үр дүнд хүрнэ.

Тиймээс мэдээгээ маш бодитой зөв, тэгээд түргэн шуурхай солилцох, үйл ажиллагаагаа нягт уялдуулах шаардлагатай байна. Зөвлөлтийн эрдэмтэд Монголын газар нутаг, усны нөөцийг судлаад хонин толгойд шилжүүлснээр 60 сая мал бэлчихэд тохиромжтой гэж дүгнэж байсан бол одоо Монголын мал хонин толгойд шилжүүлснээр 104 сая болжээ.

Тиймээс Монголд жил бүр зуд болж, өвөлжилт хүндрээд байгаа юм. 2001, 2009 оны зуд тухайн жилийнхээ малын тоо толгойг 10 саяар нь хорогдуулж байсан. Хүн өөрөө мал аж ахуйнхаа бодлогыг ухаалгаар тодорхойлж, зөв боловсруулж чадахгүй бол байгаль, тэр дундаа зуд “зохицуулаад” өгдөг.

Улсын аварга малчны шалгуурыг өөрчилж, олон малтайг нь бус, харин мал сүргээ чанаржуулсан, нэг малаас авах үр шимийг өсгөсөн малчдыг л алдаршуулах цаг болжээ” гэж онцлон анхааруулсан байна.

Сэтгүүлч М.Энхцэцэг