Энх-Амгалан.Б Гарамжав.Ц 2018.02.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01, 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01, 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01, 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2018 оны нэгдүгээр сарын  31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

Тус хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар оролцсон байна. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавын тодруулсны дагуу Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэц 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцжээ.

Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... хөрөнгө чинээ, …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, мөн зүйлийн 13 дахь заалтад “... Иргэний хувийн ... нууц ...-ыг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 17 дахь заалтад “... төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “... Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлт дэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна хэмээх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор тус бүр санал хураалт явууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.