Нямдорж.Ц 2018.02.06 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар тогтооно

Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар тогтооно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээ.

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суугчдын тоо хүн амын 0.4 хувиас доош байгаа тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоох, 0.4 хувиас дээш гарсан тохиолдолд жил бүр тогтоох зохицуулалттай.

Одоогийн байдлаар 0.4 хувиас дээш гараагүй байгаа тул 2018-2020 онд манай улсад цагаачлан амьдрах иргэдийн тоог тогтоох саналыг оруулж байгаа гэлээ.

Төсөлд 2018-2020 онд Монгол Улсад цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар, үүний дотор ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, БНХАУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэд 40-өөс дээшгүй байх саналыг тусгажээ.

Байршлын хувьд Улаанбаатар хотод 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байхаар тусгасан гэлээ.

Хуралдаанд оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн бүртгэлийн газрын дарга Ч.Нармандах, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Эрдэнбулган нар байв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, тодруулга хийв. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг “цагаач” гэж тодорхойлсон байдаг талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн дурдаад “Цагаач гэдэг нь орогнол хүсч байгаа биш, АНУ-ын ногоон карттай төстэй. Өөрийн улс орны иргэний харъяалалтай хэвээр байдаг. Тухайн гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан үзэж байж хүсэлтийг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, шалгуур өндөр байдаг” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Байнгын хорооны даргын тодруулсны дагуу тогтоолын төсөл дэх тодорхой өөрчлөлтийн талаар тайлбар өгөв. Гишүүд төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.