Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри-тай уулзав
2018.02.06

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри-тай уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын хувьд газар нутаг өргөн уудам, хүн ам тархуу сийрэг суурьшсан, алслагдмал байдал, уул уурхайд ажилладаг явуулын хүн ам ихтэй зэрэг ижил төстэй талууд ихтэй тул харилцан бие биенээсээ туршлага судлах, суралцах, хамтран ажиллах өргөн бололцоотой болохыг онцлохын зэрэгцээ Австрали Улсын Засгийн газраас манай олон мэргэжилтнүүдийг мэргэшүүлж, сургахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэллээ.

Үүний дараагаар Элчин сайд Жон Лангтри эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилга болон цаашид хамтран хийгдэх ажлуудыг танилцуулав.

Тэрээр Интерпласт олон улсын эмч нарын байгууллагын шугамаар Австрали эмч, сувилагч нарын баг жил бүр Монгол Улсад ирж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран түлэгдлийн улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдэд мэс засал хийхийн зэрэгцээ Монгол эмч нарт  сэргээн засах мэс заслын сүүлийн үеийн арга техник, мэдээгүйжүүлэлт, түлэнхийн эмчилгээний чиглэлээр сургалт явуулж байгаа ба цаашид ГССҮТ-ийн Түлэнхийн төв ашиглалтад ороход эмч мэргэжилтнүүдийг сургахад чухал ач холбогдолтой тул хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан хамтран ажиллах нь зүйтэй болохыг хэллээ. 

Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тус Элчин сайдын яам, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Оюу толгой компани хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын эмнэлгийн чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилсан судалгаа хийгдсэн ба тус эмнэлэг нь эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулах замаар өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой болохыг онцлов. 

Түүнчлэн Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгаа амжилттай дууссан ба урьдчилсан дүнгээр вакцин үр дүн сайтай болох нь тогтоогдсон болохыг мэдэгдэхийн зэрэгцээ хандивлагч орнуудын зээл тусламжийг зохицуулах үйл ажиллагааг уялдуулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх нь зүйтэй болохыг хэллээ.

Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны дээрхи саналуудыг талархалтай хүлээн авч байгаагийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргаж, анхааран ажиллахаа илэрхийлээд, эдгээрийг бодит ажил хэрэг болгоход шуурхай ажиллах болохоо мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.