Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо
2018.02.05

Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МАН-ын удирдлагууд жанжны хөшөөнд цэцэг өргөлөө.

Д.Сүхбаатарын мэндэлсэн энэ өдрийг тохиолдуулан мөн НИТХ-ын зарим төлөөлөгчид Их жанжны мэндэлсэн гэрийн буйранд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун уншиж танилцуулж, тогтоолын хувийг Жанжин клубт цугласан тус хорооны иргэдийн төлөөлөлд гардуулан өглөө. 

Ёслолын арга хэмжээний үеэр Д.Сүхбаатар жанжны зээнцэр Ц.Хүрэлсүх гуай хэлсэн үгэндээ өвөөгийн маань төрж, өссөн тухайн үеийн Амгаланбаатар хот өнөөгийн Улаанбаатар хотын 12-р хорооны нутаг дэвсгэр бол түүхэн дурсгалт газар юм. Энэхүү сайхан дурсгалт газрыг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосонд маш их баяртай байна.

Монгол хүн бүхэн эрүүл энх, аз жаргалтай өсөн дэвжих болтугай гэж ерөөлөө. Тэрээр хэлсэн үгэндээ Сүхбаатар, Төв аймгийн зарим суманд Д.Сүхбаатар жанжны төрөл төрөгсөд болох 300 гаруй хүн амьдардаг гэлээ.