Г.Тэмүүлэн 2018.02.06 | Сайт: News.mn

Г.Тэмүүлэн: Талцалгүй МОНГОЛ бол ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ юм

Г.Тэмүүлэн: Талцалгүй МОНГОЛ бол ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ юм

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг санаачилсан билээ. Энэ төсөл нь ард иргэд, төрийн албыг хий хоосон улстөржилт, намчирхалаас ангид байлгах, анхан дунд шатанд улс төрийн намын оролцоогүйгээр иргэд өөрсдийн төлөөллийг сонгодог болох, үндэсний язгуур эрх ашгийн асуудлаар Монголчууд нэгдмэл байр суурьтай байх, төрийн албанд улс төрийн зарим үйл ажиллагааг хязгаарлан намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангахад энэ хуулийн гол зорилго оршиж байгаа аж. Ингээд хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг ямар учраас боловсруулсан бэ?

-Монгол Улс чөлөөт ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 28 жил өнгөрсөн байна. Энэ шилжилтийн хугацаанд улс орны хэмжээнд хийсэн бүтээсэн амжилт, олсон ололт олон байгаа. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин өнөөдөр бидний хэмжээнд хүссэн хүрээгүй байна.

Ард иргэдийн амьдралын нөхцөл байдал хот, хөдөөгүй сайн бус байна. Ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулах  гэж  хичээж ирсэн  өнгөрсөн  он жилүүдийн алдаа оноо юу байв, эдийн засгийн ардчилал, төр засаг Монголд хэр зэрэг төлөвшив, энэ нь бидэнд ямар үр өгөөжөө хүртээв  гэх мэт олон асуултууд  биднээс  маш тодорхой, бодитой хариулт нэхэж   байна. 

Гэтэл Монголын нийгэмд үүсээд буй хөгжил, дэвшилтэй холбоотой олон олон асуудлын гол зангилаа хэт улс төржилт, хий хоосон намчирхлаас эхлэлтэй байна.  Ард иргэдээс ч бидэнд ирүүлж буй өргөдөл гомдлын дийлэнх хувийг улстөржилт, намчирхал, төрийн албаны халаа сэлгээ, төрийн бодлого үйл ажиллагаатай холбоотой асуудлууд эзэлдэг.

Өөрөөр хэлбэл засаг захиргааны анхан болон дунд шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон энэ хэт улстөржилт, намчирхал Монголчууд бидний хэтийн бодлого чиглэлийг халхалж, хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна.

Тэгэхээр нийгмийн энэ бүхий л шатанд нүүрлэсэн талцал, намчирхалыг бүрэн цэгцлэхгүйгээр өнөөдөр ёс зүйт төр, төлөвшсөн нийгмийг бид бүрдүүлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Цаашид харин бидний баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлтээс улс орны хөгжил дэвшил, ирээдүй ихээхэн хамаарна. Талцалгүй Монголоос шалтгаална.

Бид асуудлыг одоо арай өөр өнцгөөс, илүү бодитойгоор харах, шүүн тунгаах хэрэгтэй байна. Энэ үүднээс УИХ дахь залуу гишүүд хамтраад өнөөгийн төрийн болон сонгуулийн тогтолцоог өөрчлөх, анхан дунд шат, төрийн үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоо, нөлөөллийг хязгаарлах тухай хуулийн төслийг боловсруулсан. Мөн Монголчууд бидэнд хөгжлийн бодлого, язгуур эрх ашиг, зарчмын гол асуудлууд дээрээ улс төржихгүйгээр нэгдэж, нийлдэг үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, тогтолцоо хэрэгтэй байна. Улстөрийн намууд нь хариуцлагатай, үйл ажиллагаа нь хязгаартай байдаг, ялсан намын Засгийн газар нь зөвшилцсөн хөгжлийн бодлогоо хэлбэрдэхгүйгээр тууштай мөрддөг байх шаардлага байгаа учраас бид Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг боловсруулсан. Цаашид энэ хуулийн төсөл хэрэв батлагдвал өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийг хөгжлийн шинэ шатанд хүргэх түүхэн ач холбогдол баримт бичиг, хууль болно гэж үзэж байгаа.

-Хуулийн төслийг дагаад хэдэн хуульд өөрчлөлт оруулах вэ?

-Энэ хуулийг дагаад дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар төслөө хуулийн төслөө боловсруулсан.

Мөн энэ боловсруулсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр хийх бүрэн боломжтой. Бидний нэг ажигласан зүйл бол өнгөрсөн хугацаанд бий болсон улс төр, нийгмийн түвшинд үүссэн өнөөгийн бодлого үйл ажиллагааны гажуудал нь Үндсэн хуулиндаа биш харин Үндсэн хуулийг тухайн цаг үедээ өөрсдийнхөөрөө тайлбарлаж, өөрсдөд болон улс төрийн нам хүчнүүдэд ашигтай байдлаар ашиглаж, органик хуулиудад тусган, улс төрийн нам хүчний оролцоо, нөлөөг хэт дөвийлгөсөнд оршиж байгаа.

-Хуулийн төслийн гол нь зорилго нь юунд оршиж байна вэ?

-Бүх шатанд хачиг мэт үүрлэсэн намчирхал, талцлыг зогсоох, үндэсний зөвшилцөл, эв нэгдлийг хангах хууль эрх зүйн гарц шийдэл бидэнд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хуулийн төслийн хүрээнд өнөөгийн төр, улс төрийн нам, иргэн хоорондын хил, зааг хязгаарыг тогтоох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үндсэндээ чиглэж байгаа. Энэ хуулийн төсөл хэрэв батлагдаж хэрэгжиж эхэлснээр концепцийн шинжтэй дөрвөн том бодлогын өөрчлөлтийг өнөөгийн нийгэмд бий болгоно гэж тооцоолж байгаа.

Нэгдүгээрт, анхан, дунд шатанд болон хөдөө орон нутагт боловсон хүчний нөөц, бололцоо муутайг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7282 улс төрийн албан хаагч анхан, дунд шатны сонгуулиар сонгогддог. Гэтэл энэ намчирхал, талцлаас болж өнөөдөр байгаа цөөн хэдхэн бэлтгэгдсэн боловсон хүчнүүд нь сонгуулийн циклээр халагдаж солигддог, ажилгүй болсон нь намчирхаад дараагийн сонгуульдаа бэлддэг боллоо, эсхүл ажилтай болсон нь алагчилсан бодлогыг ард иргэддээ явуулдаг, төрийн үйлчилгээг анхан шатанд иргэддээ ялгавартайгаар хүргэдэг ийм гажууд тогтолцоо бидэнд бий болжээ. Ороо бусгаа энэ бүгдийн ард, эцсийн дүндээ хэн хохирдог вэ гэхээр ард иргэд хохирдог, улс орны хөгжил дэвшил хойшилж удааширдаг.

Тэгэхээр энэ хуулийн төслийн хүрээнд хийх өөрчлөлт маань анхан дунд шатны сонгууль болон төрийн тогтолцоог өөрчлөе, улс төрийн намуудын оролцоог энэ түвшинд хязгаарлая гэж зорьж байгаа. Анхан ба дунд шатны иргэдийн нийтийн болон төлөөлөгчдийн хурлын түвшинд улс төрийн намуудын оролцоог болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар хагарал талцлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Ингэснээр анхан, дунд шатанд иргэд улс төрийн намаас бүрэн хараат бус хүнийг, улс төрийн намын оролцоогүйгээр сонгодог болно. Иргэддээ танигдсан, иргэд нь итгэдэг ийм боловсон хүчнээ намын харьяалалгүйгээр, өөрсдийгөө удирдуулах боловсон хүчнээ сонгох боломжтой болно. Цаашид хөдөө орон нутаг, баг дүүрэгт байгаа цөөхөн боловсон хүчнийхээ нөөц бололцоог намын харьяалалаар, халаа сэлгээ хийхгүйгээр 100 хувь бүрэн ашиглах боломж хуулийн төслийн хүрээнд бүрдэнэ.

Харин улстөржих хил хязгаараа тогтоох, үндэсний язгуур эрх ашгийн асуудлаар Монголчууд нэгдмэл байр суурьтай байх, хөгжлийн бодлого дээрээ нэгдэж нийлэх зөвшилцлийн эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх  нь хуулийн төслийн хоёр дахь том зорилго юм.

-Улс төрийн сонгууль болгоны дараа урт хугацааны хөгжлийн бодлого өөрчлөгдөж, өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг үгүйсгэдэг. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулах уу?

-Монгол Улсын язгуур эрх ашгийн асуудлаар үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгоё гэж байгаа. Өнөөдөр сонгуульд улс төрийн намууд МУ-ын язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлөх аливаа амалгаа, амлалтуудыг уралдан амлаж ирсэн. Улс төрийн амалгаанууд, төрийн бодлогын тогтворгүй байдал  нь урт хугацааны хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлж ирсэн. Гэтэл цаана нь Монгол төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл байхгүй боллоо. Одоо бид улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг, үйл ажиллагааны хэрэгжилтийг язгуур эрх ашиг, том бодлогынхоо хил хязгаарын хүрээнд хязгаарладаг байх шаардлагатай байна. Дураараа популизм хийж, улстөржиж болохгүй, худлаа амлалт өгч гарч ирээд явцуу эрх ашиг хөндсөн бодлого “шахах”-ыг хориглож байгаа юм.

Том хөгжлийн бодлого дээрээ Монголчууд нэгддэг, нийлдэг, хөгжлийн нэг бодлого, чиглэлтэй, нэг зорилготой байх шаардлага байна. Монгол төрийн хар хайрцагны бодлого дээрээ талцахгүй байя. Өнөөдөр Ардын нам гарсан ч, Ардчилсан нам гарсан ч хамаагүй Монгол төр залгамж чанартай, нам эвслүүд хоорондоо зөвшилцсөн урт хугацааны хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлдэг байх эрх зүйн санкц, хариуцлагын тогтолцоотой байх ёстой. Бид олон сайхан нэгтэй, урт хугацаанд хэрэгжүүлнэ гэх хөгжлийн бодлогыг олон удаа хийсэн. Гэхдээ сүүлийн 20 жил хэрэгжээгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Яагаад гэвэл улс төрийн намууд хариуцлагагүй байна. Гарсан Засгийн газар нь сахин хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоо алга байна.

Цаашид улс төрийн намын үзэл баримтлал, чиг хандлагын ялгааг үл харгалзан тэр зөвшилцсөн хөгжлийн бодлогоо бүх Засгийн газар хэлбэрэлтгүй, тууштай сахиж хэрэгжүүлдэг, биелүүлдэг болох тогтолцоог улс төрийн намуудын хариуцлагын хүрээнд бий болгоно. Сонгуулийн тодорхой хугацааны дараа тухайн хэрэгжилтийг хянадаг, биелүүлээгүй бол хариуцлага тооцдог, тухайн намын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарладаг хатуу хариуцлагын тогтолцоог хийе. Монгол хүн бүрт улс орон минь хөгжиж, үр хүүхэд маань гэрэлтэй гэгээтэй нийгэмд амьдраасай гэдэг мөрөөдөл бий. Бидний зорилго, мөрөөдөл нэг учраас Монгол Улсын хөгжлийн бодлого нэг байх учиртэй. Намууд улстөржихгүй байх сэдвүүдийг тогтоож өгөх ёстой гэж байгаа юм.   

-Төрийн албаны улстөржилтийг арилгах тал дээр ямар бодлого тусгасан бэ?

-Яг энэ асуудлыг хөндөх гэж байлаа. Хуулийн төслийн хүрээнд мөн түрүүний ярьсан зүйлүүдээс гадна төрийг илүү бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас бүрэн хараат бус байлгах гарц шийдлийг эрэлхийлж байгаа. 1994 онд баталсан Төрийн албаны тухай хуульдаа 2002, 2008, 2017 онуудад нэмэлт өөрчлөлтүүд хийлээ. Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагаа, томилгоонд улс төрийн намууд шууд болон шууд бус байдлаар оролцдог, нөлөөлдөг улс төрийн тогтолцоо ил болон далд хэлбэрээр амь бөхтэй оршсоор байна. Нэг циклдээ 20-30 мянган хүн халагдаж байна.

Одоо байтлаа Засгийн газар өөрчлөгдөх тоолонд төрийн албанд дураараа халаа сэлгээ хийдэг болж байна. Сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээсэн, намдаа нөлөөтэй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагч, агентлагийн дарга болдог, тэр нь төрийн албанд явцуу эрх ашгийн төлөө явдаг, улс төрийн намын нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, улс төрийн чиг баримжаатай шийдвэрүүд гаргадаг нь нууц биш.

Төрийн алба тогтворгүй, улс төрийн намууд хариуцлагагүй байхад бид цаашид хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй. Тэгэхээр төрийг бэхжүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөө, улс төрийн намаас бүрэн хараат бус байлгах нь хуулийн төслийн гурав дахь том зорилго байгаа.

Тэгэхээр томилгооны асуудалд ил болон далд байдлаар улс төрийн хүчнүүд нөлөөлөхийг хатуу хориглож өгсөн. Улс төрийн намаар дамжиж, төрийн албанд хүрдэг, улс төрийн нам төрийн албан хаагчдыг бэлтгэдэг асуудлыг хатуу хязгаарлаж байгаа.

Хэрэв төрийн албаны томилгоонд улс төрийн ямарваа нэг нөлөөлөл орсон бол тухайн улс төрийн намын үйл ажиллагааг зогсоох хэмжээний хатуу заалт хийж өгч байгаа. Энэ хуулийн заалт Ардын нам, Ардчилсан нам, Хувьсгалт нам ялгаа байхгүй аль ч намд үйлчилдэг байх ёстой. Цаашид бид Монгол төрийг ингэж үнэгүйдүүлж болохгүй. Төр, улс төрийн намын 2-ын байх ёстой хил хязгаар, оролцоо нөлөөллийг тодорхой тогтоож өгөх хэрэгтэй. Төр хүчтэй байна гэдэг нь  улс төрийн намын “тоглоомын дүрэм”-ийг л зөв зааж, байлгах ёстой газар байлгана гэсэн үг. 

Дөрөв дэх том өөрчлөлт нь улс төрийн намуудын зарим үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн оролцоог төрийн үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын оролцоо нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, хариуцлагын горимыг зөрчсөн аливаа улс төрийн намын үйл ажиллагааг зогсоодог тогтолцоотой болохоор зорисон. Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг шиг хариуцлагын тогтолцоог дээрээсээ, төр засгаасаа, улс төрийн намаасаа, улс төрчдөөсөө эхэлье. 

-Хуулийн төслийн хэлэлцүүлэг, шат шатны байгууллагаас санал авах ажил хэзээ эхлэх вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бидэнд бий болсон ололт амжилт олон байгаа. Алдаа оноо ч байна. Цаашид алдаа онооноосоо сургамж авч, сайхан ирээдүй, хариуцлагатай төрийг бий болгомоор байна, Монгол Улсаа хурдацтай хөгжүүлмээр байна. Тэгэхгүй бол талцал, хуваагдалд живсэн Монгол боллоо.

Харин Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөл маань Монгол Улсын ирээдүйн 20-30 жилийн хөгжилд шууд нөлөөлөх, өнөөдөр үүссэн чөдөр тушаа, зангилааг тайлахад чиглэсэн хууль эрх зүйн гаргалгаа, шийдэл юм.

Монголоо гэсэн сэтгэлтэй ард иргэд, улс төрийн нам, хуульч судлаач, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн байгууллага бүрт бид төслөө танилцуулж санал авна. Бид дөрөвдүгээр сарын 5-нд Үндэсний зөвшилцлийн чуулганыг зохион байгуулна. Энэ чуулганаас өмнө шат дараалсан хэд хэдэн хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийнэ. Ингээд хуулийн төслөө эцэслэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ирэх хаврын чуулганаар хуулийн төслөө өргөн барина. Талцал, хагаралгүй л байвал Монгол Улс хөгжинө.

Сэтгүүлч Т. ДАВААНЯМ