Б.Бат-Эрдэнэ 2018.02.08 | Сайт: Olloo.mn

Манай баг тамирчид олимпын тосгонд байрлав

Манай баг тамирчид олимпын тосгонд байрлав

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр Олимпийн тосгондоо очжээ. Тэднийг очсон даруйд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Үүний дараа манай багийхан тамирчдын тосгонд байрлаж, анхны хурлаа хийхэд багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангаж, өмнөх олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг ахиулна” хэмээн Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хэлжээ.

Мөн өдөр манай тамирчид Олимпийн тосгонд байрлах Самсунг компаний салбараас олимпод оролцож буй бүх тамирчдад бэлэглэж байгаа "Note8" гар утсаа хүлээн авчээ. Энэхүү гар утсанд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, ОУОХ-ны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээллийг урьдчилан суулгасан аж.

Сонирхуулахад, ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнд манай улсаас 2008 онд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, 2010 онд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар нэр дэвшиж байжээ.