Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2018.02.08

Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

АНУ-д айлчилж буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг, Дина Тайтус нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Америкийн хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирснийг С.Эрдэнэ гишүүн онцолж, АНУ-ын Конгресст Монголын бүлэг байгуулагдаж ирсэн энэхүү чухал уламжлал үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, ийм төрлийн бүлэг нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Монголын тал АНУ-ын туршлагаас хуваалцах, суралцах эрмэлзэлтэй байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа цаашид ч өргөн хүрээнд үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв: Конгрессын гишүүд Конгресс дахь Монголын бүлгийн даргаар ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд төдийгүй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч, конгрессын ахмад гишүүн Дон Яанг, УИХ-ын гишүүн С. Эрдэнэ нар хоер орны парламентын түвшинд хамтын ажиллагааны асуудлаар тус тусын хууль тогтоох байгууллагын хүрээнд тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. УИХ-ын гишүүн С. Эрдэнэ Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг, Дина Тайтус нарыг ирэх онд тэмдэглэх Монгол улсын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг албан ёсоор урилаа.

                                                  anbuleg.mn