Ж.Дамдинсүрэн: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2018.02.09

Ж.Дамдинсүрэн: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.ДАМДИНСҮРЭНГЭЭС дараах зүйлийг тодрууллаа.

-Өчигдөр /уржигдар/ шөнөөс эхлэн цас орж, шуур-лаа. Цаашдаа цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн /уржигдар/ шөнө Улаанбаатар болон Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс аймгийн зарим нутгаар цас орлоо. Цаашдаа баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар цас орж, шуурна. Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31, Их нууруудын болон Тэс голын хөндийгөөр 26-31, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна. Энэ сарын 9, 10-нд төв, зүүн, говийн аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр 16-18 метр секунд хүртэл ширүүснэ. Энэ нь байгалийн аюулт үзэгдэлд орно. Тиймээс малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй.

-Хүйтний эрч хэзээ сулрах вэ?

-Энэ сарын 11-нээс хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Мөн зүүн аймгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, тал хээрийн нутгаар 12-14 метр секунд хүрч шуурна.

-Цас орсны улмаас зам гүвээ хаагдсан уу?

-Одоогоор зам гүвээ хаагдсан мэдээ ирээгүй байна. Гэхдээ хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Салхи шуургатай үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна. Онцгой байдлын ерөнхий газраас зам гүвээ хаагдах аюулаас сэргийлэх үүднээс Архангай, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг 16 аймгийн 101 суманд 164 даваа, гүвээ, 31 гаруй тал хөндий газар “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид 198 хүн, 160 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

-Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээ хийхэд 15 аймгийн 106 сум “Цагаан зуд’’-тай, 13 аймгийн 35 сум “Цагаан зудархуу” нөхцөл байдал үүсч өвөлжилт хүндэрсэн байна. Орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдээс малчдад өвс, тэжээл хүргэхэд зам даваа хаагдах, тээвэрлэлтийн зардал өндөр гарах, цаг алдах зэрэг хүндрэл бэрхшээл үүсдэгтэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 314 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд бэлэн байгаа агуулах, саравчийг түшиглэн улсын нөөцийн түр цэгийг байгуулан өвс, тэжээл байршуулсан.

Сэтгүүлч Б.Мөн-Эрдэнэ