Содбаатар.Я 2018.02.09 | Өглөөний сонин

Я.Содбаатар: Монгол улсад хадгаламж нэрээр МӨНГӨ ХҮҮЛЭХ байдал их байгаа

Я.Содбаатар: Монгол улсад хадгаламж нэрээр МӨНГӨ ХҮҮЛЭХ байдал их байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.

Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийг сайд Ц.Нямдорж хийсэн юм. Тэрбээр "Олон улсын FATF байгууллагын хуулийн хэрэгжилтийн дүгнэлт. Энэ байгууллага хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сард хуралдаад, Азийн орнуудыг авч хэлэлцсэн. Энэ хурлаар Монгол Улс цаашид хууль тогтоомж, үйл ажиллагаагаа сайжруулах тухай 40 гаруй зөвлөмж өгсөн" гэж байлаа. Энэ талаар дараах гишүүд асуулт асуусан юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлснийг тоймлон хүргэж байна.

ХЗДХ-ийН сайд Ц.Нямдорж:

-Тэмцэх ёстой хүмүүс нь зохион байгуулагч болоод хувирчихлаар ажил яаж явах вэ. Арилжааны банкуудын захирлууд нэг гараараа хүний мөнгө хадгалаад, нөгөө гараараа хувийн компанидаа хүний мөнгө саагаад эхэлсэн ганцхан түүх бий. Монголбанк үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Энэ өөрчлөлтүүд оруулаад Монголбанк, тагнуулын байгууллага ажлаа хийгээд явчихвал гаднын элдэв хардлагаас сэргийлж болно. Арилжааны банкинд тавих хяналтаа Монголбанк чангатга. Мөнгө угаалт юу болоод байна вэ? Монгол Улс терроризмыг санхүүжүүлээд байна уу. Олон улсын байгууллага биднийг хардаж, сэрдээд байгаа. Бид олон жил ярилаа. Хоосон яриад, хэрэгжихгүй хууль батлаад амьдрал сайжрахгүй байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал, Жаст”-ын Батхүүгийн авсан зээл мөнгө угаалтын нэг хэлбэр юм билээ. Эм үйлдвэрлэдэг компани руу 1.2 сая ам.доллар шилжсэн байна.

УИХ-ыН гишүүн Х.Нямбаатар:

-Монгол Улс 2014, 2015 онд хар жагсаалтад орох бодит нөхцөл бүрдсэн. Энэ онуудад Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлан гаргаж, 34 их наяд төгрөгийн авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөснөөрөө хар жагсаалтад орох шахсан. Мөнгө угаах гэдэг гэмт хэргийг Эрүүгийн хуулинд өргөн агуулгаар нь оруулсан. Энэ хуулийн үйлчлэл харилцан адилгүй явах вий.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагуудыг талцуулахгүй авч явах нөхцөл бүрдэнэ. Иргэдийн зүгээс хуулийн үйлчлэлийн хэрэгжилтийг нэхэж байгаа. Мөнгө хүүлэлт дээр ажиллаад байгаад хяналтаа тавих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Сүүдрийн эдийн засагт мөнгө угаах ажиллагаа явагдаж байна. Мөнгө угаалттай тэмцэхэд сүүдрийн эдийн засгийнхаа хэмжээг тогтоох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Монголбанкинд жил бүр мөнгө угаахтай аудит хийж байгаа. Гэтэгадлон улсын зөвлөмжийг Монголбанк биелүүлдэггүй юм билээ. Энэ нь явсаар байгаад Монголбанк төдийгүй Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Банкны тухай хуулиа зөрчөөд байгаа асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа. Уг нь Монголбанкинд бүх эрх нь байгаа. Ер нь энэ хуульд оффшор бүсийг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр янз бүрийн гэмт хэрэг хийчихээд нэр төрөө сэргээлнэ гээд явж байгаа хүмүүс ч бий. Хуулиас давсан эрх бүхий хүмүүс их байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Монгол Улсад байгаа гадаадын иргэдийн хадгаламжийн хэмжээ хяналтад байгаа юу. Хадгаламжийн хүү өндөр байдгаас хамаараад Монгол Улсад хадгаламж нэрээр мөнгө хүүлэх байдал их байгаа. Үүний цаана мөнгөний эх үүсвэрийг хянах тогтолцоо нь хэр байна вэ. Хоёрдугаарт, оффшор дансны асуудлыг бид бүтэн хоёр жил ярилаа. Одоо нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа хууль батлагдвал Монгол Улс хил гаалиар гарч байгаа 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянадаг уу. Үүний цаана янз бүрийн нэрээр мөнгө хүүлэх зорилгоор орж ирж байгаа мөнгөн хэмжээг олон улсын байгууллага хараад сануулга өгч байна гэж ойлгож байгаа.

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Одоо мөрдөж байгаа хуулийн дагуу бэлэн мөнгөний мэдээлэл авдаг. Гаднаас орж ирж байгаа 20 саяас дээш бэлнээр хийсэн гүйлгээ, сэжигтэй гүйлгээний мэдээлэл авдаг. Харин хадгаламжийн мэдээлэл бидэнд орж ирдэггүй. Хэрэв гадаадын иргэн Монгол Улсын иргэний нэр дээр мөнгө хадгалдаад хүү авах асуудал сөхөгдвөл бид одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд тодорхой оруулж өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Олон улсын байгууллага яагаад манайхыг хар жагсаалтад оруулах гээд байна вэ гэхээр зөвлөмжийг нь биелүүлдэггүй юм байна лээ. Олон улсын байгууллагаас Монголбанкинд өгсөн зөвлөмжийг биелүүлэхгүй байна гэдэг маш их гомдол олон улсын байгууллагаас ирсэн байдаг. Энэ хууль дээр хамгийн гол анхаарах ёстой асуудал оффшор юм. Гэтэл бид зөвхөн төрийн албан хаагчаар хязгаарласан. Яг тэр терроризм, мөнгө угаахтай холбоотой юм аа ярихгүй байгаа болохоор өнөөдөр хар жагсаалт гэдэг асуудал хөндөгдөөд байгаа юм. Өнөөдөр янз бүрийн гэмт хэрэгт орооцолдчихоод нэр төрөө сэргээлгэнэ гээд давардаг хүмүүс бий. Энэ хууль хэрэгжих эсэх дээр гишүүд өөрсдөө эргэлзэж байна. Хуулиас давсан эрх мэдэлтэй хүмүүс бий болчихсон байгаа юм. Ил луйвар хийсэн хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол дараагийн хулгайг нь дэмжээд байна гэсэн үг шүү.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Сэтгүүлч Б.Төгөлдөр