Оюун-Эрдэнэ.Л 2018.02.09

Л.Оюун-Эрдэнэ: Гадны иргэдэд олгосон лицензын асуудлаа цэгцлэх цаг болсон

Өнөөдөр УИХ-ын 2017 оны намрын чуулган хаалтаа хийнэ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

МУ-ын Засгийн газар энэ жилийг хариуцлагын жил болгож байна. Хариуцлага үг биш үйлдэл байх ёстой. Монгол улсын эрдэнэсийн сан гэж хэж болох Уул уурхайн салбар цоорхой сав шиг байна. Хаврын чуулган эхлэхэд УИХ-аас ажлын хэсэг гаргаад замбараагүй байгаа лиценз, журмаа нэгтгэж үзэх шаардлага байна.

Нэг жишээ хэлэхэд Бэрхийн уулын үйлдвэр 1954 онд байгуулагдсан, Монголын ууган уурхайн нэг, хайлуур жоншны үйлдвэр. Энэ уурхайг “Галт шувуу” нэртэй компани гадаадын иргэн худалдаж аваад 10 гаруй жил болж байна. Үйл ажиллагаа явуулдаггүй. Үнэ хүргэж зарах сонирхолтой.

Бэрхэд 3-4 мянган хүн амьдардаг. Энэ суурьшлын бүс өдрөөс өдөрт хүмүүс нь нүүгээд хүнд байдалд орж байна.

Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалт, сан нэрээр гадны хүмүүс лиценз авчихсан байна. Энэ асуудлыг аудит хийж цэгцлэх хэрэгтэй. Айлаас эрэхээр, авдраа уудал гэсэн үг байдаг. Манай улс боломжоо ашиглахгүй гаднаас зээл авна гэдэг ийм хандлагатай болжээ. Том болон жижиг төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах хэрэгтэй байна гэсэн саналтай байна