Д.Тэрбишдагва: Цагаан сараар бид ЦАГААЧЛАЛ ярих юмуу?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
2018.02.09

Д.Тэрбишдагва: Цагаан сараар бид ЦАГААЧЛАЛ ярих юмуу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэдгээ хэллээ.

Учир нь тэрээр өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж байгаа, энэ өдөр энэ хуулийн төслөөс гадна Монгол улсын өмнө шийдвэр хүлээгдэж байгаа олон асуудлууд бий гэсэн юм. Тухайлбал, Ажилгүйдэл ядуурлыг бууруулах, өвөлжилтийн хүндрэл, утаа, малын өвчлөлт, хаврын хүндрэл, оюутолгой, таван толгой гээд их бүтээн байгуулалтай холбоотой  эдгээр асуудлууд дээр Засгийн газар цаашид ямар ажлууд хийх гэж байгааг сонсох нь илүү ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. 

Мөн Д.Тэрбишдагва гишүүн "Ер нь УИХ-ын чуулганы төгсгөл дээр хачин хачин хууль орж ирдэг. Өнөөдөр чуулганы хуралдаан дээр Сайд нараас ганц Н.Цэрэнбат л сууж байна. Өнөөдөр гадаадаас цагаачлал авах асуудлыг ярьдаг өдөр биш. Энэ асуудлыг сүүлийн 9 жил яриагүй мөртлөө, өнөөдөр ийм их шийдэх асуудалтай байгаа үед ярьдаг асуудал мөн юмуу"  гэсэн юм.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: “4 жил тутам өөрчлөлт  өргөн барих ёстой хууль, өмнө нь өргөн бариагүй юм байна лээ. Бид хууль хэрэгжүүлж байна. Хууль хэрэгжүүлэх нь юу нь буруу байгаа юм. Энэ хэрэггүй асуудал биш. Үүнд үг хаях ямар хэрэг байна?” 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үг хаясан зүйл байхгүй. Гол нь энэ асуудал цаг үеийн асуудал мөн үү? Таны яриад байдаг Эрдэнэт үйлдвэр,Стандарт банктай холбоотой асуудлыг яримаар байна шүү дээ. Эдгээр томоохон асуудлууд дээр Засгийн газрын барьж буй бодлогыг сонсмоор байна гэдгийг ярьсан болхоос хууль хэрэгжүүлэх хэрэггүй гэж хэлээгүй. Хуулийн төслийг дэмжих боломжгүй. Цагаан сараар бид цагаан л юм ярих ёстой. Цайлган цагаан юм ярьдаг байхад цагаачлал ярих гээд байна шүү дээ. Бид тэгээд тойрогтоо очоод цагаан сараар цагаачлал ярих ёстой юм уу. 

Үүний дараа санал хураахад гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж дахин санал хураалгах горимын санал гаргаж  УИХ-ын дарга болон МАН-ын бүлгийн дарга, дэд дарга нарыг ирцээ бүрдүүлэхийг шаардсан юм. 

Ингээд дахин санал хураалтаар гишүүд горимын саналыг дэмжсэнгүй. Ингэснээр “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг УИХ дэмжээгүй учир хуулийг төслийг санаачилсан Засгийн газарт төслийг нь буцаалаа.