Баттулга.Х 2018.02.09 | Сайт: Vip76.mn

Х.Баттулга: Иргэдээ бод, ард түмнээ хайрла гэж би та бүхнээс ахин дахин хүсэж байна

Х.Баттулга: Иргэдээ бод, ард түмнээ хайрла гэж би та бүхнээс ахин дахин хүсэж байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Үүнтэй холбогдуулан хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. 

Тэрбээр: Өнөөдөр УИХ-ын чуулганд оролцож үг хэлэх болсон шалтгаан маань энгийн, тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор

-1 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай гэсэн 7 дүүргийн;

-1 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь гээд 7 аймгийн ард иргэдтэй уулзлаа.

Цаашид бусад дүүрэг, аймгуудаар явж, иргэдтэйгээ нүүр тулан уулзах болно.

Та бүхэнд хандаж байгаа нь ард иргэдээс дэвшүүлж байгаа санал, санаачилга, хүсэлт гомдол, шахалт шаардлагыг ойрын болоод хэтийн бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байгаа юм

Цуврал уулзалтуудад нийслэлийн 9000, орон нутгийн 3800, нийт 12800 орчим иргэд оролцож, 742 иргэн санал, хүсэлтээ биечлэн илэрхийлж, 1439 иргэн бичгээр гомдол, саналаа гаргажээ.

Иргэдийн илэрхийлж байгаа түгээмэл асуудлууд нь цалингийн, татварын нэмэгдэл, банкны зээл, зээлийн хүү, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол, тэтгэврийн насны уртасгал, тэтгэмж, халамжийн хэмжээ, тусламж, орон байр, газар өмчлөл, эрүүл мэнд, боловсролын салбар дахь гачигдал дутагдал, хүндрэл бэрхшээл байна.

Бас нэлээд хэсэг нь Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаарх санал гомдол, шүүмжлэл байлаа.

Иргэдээс хамгийн их давтамжтайгаар шүүмжилж байгаа асуудал нь тэтгэврийн нас ба тэтгэврийн хэмжээ, тэтгэмж, халамж, тусламжийн оновчтой байдал, эзэндээ хүрч чадахгүй байгаа зэрэгт байна. 248 иргэн энэ талаар хурц шүүмжлэл хэлсэн байна. Ажилгүйдэл ядуурлыг цогцоор нь шийдэх талаар 97, утаа, агаарын бохирдлын асуудлаар 103, татварын нэмэгдлийн асуудлаар 92, орон сууцны асуудлаар 99, өр зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар 54 иргэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэн нь давтамж өндөртэй, анхаарвал зохих асуудлууд болж байна.

Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хамгаалахад үлэмж санаа тавьж байгааг оффшор данстай төрийн албан хаагчдыг хэрхэх талаар 114, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар 102, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол “Улсын Их Хурлыг үүргээ гүйцэтгэж чадахгүй” гэж үзэн тараах тухайд 89 иргэн байр сууриа илэрхийллээ.

Эрхэм гишүүд ээ.

Манай нийгэмд тулгамдсан, хуримтлагдсан, нэн даруй шийдвэрлэх асуудлууд овоорч, иргэд бухимдалтай аж төрж байна. Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой, гүйцэтгэж хэрэгжүүлэх үүрэгтэй УИХ, Засгийн газар шийдлээ олохгүй мунгинаж, тансаглалаар хөөцөлдөн, үнэтэй машин төсвийн мөнгөөр худалдаж аван шуугиулж, сайд нар өдөр шөнөгүй ажилласан бидэнд ямар ч хангамж алга хэмээн гомдоллож, ажил авсан  сайд тамгаа алдаж, хууль бусаар тамга хийлгэсэн гэх мэт асуудалд орооцолдоод, УИХ-ын бүтцийн байгууллагууд, Авлигатай тэмцэх үүрэгтэй албан тушаалтнууд үүргээ биелүүлэхгүй, иргэдийн төлөө ажил хийхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй, сэтгэлээ ч чилээхгүй явсаар байгаа нь иргэдэд огт таалагдахгүй байна.

Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

Уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан эдийн засгийн уналт, өсөлтийг улс төржүүлэн дан ганц өөрсдийн гавьяанаас хамаарсан үр дүн мэтээр сурталдсаар суутал тань ажилгүйдэл, ядуурал өдөр өдрөөр нэмэгдсээр байна. “Засгийн газрын барьсан бодлого эдийн засагт “үүр цайлгасан” гэж Сангийн сайд нь хөөрцөглөж дуусаагүй байхад хажууд нь суусан ОУВС-гийн  ажлын хэсгийн ахлагч “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт юм. Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлт гэдэг нь цаашид ч эерэг хэвээр хадгалагдах баталгаа болж чадахгүй. Монголын эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа” хэмээн улаан үнэнийг хэлж байх жишээтэй. Энэ юу харуулж байна гэхээр ажил хийхээсээ хийсэн болж харагдах хүсэл чинь давамгайлаад байна аа.  

Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх  л шийднэ.

Та бүхэн монголчуудынхаа төлөө, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө сэтгэл гаргаж чадвал шийдэл олдоно. Мөнгө ч олдоно. Гол нь хүсэхгүй, хийхгүй байна. Сандал ширээнд  илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зорчихыг зорилгоо болгож байна.

Цагаан сар болохоор л ахмадуудаа санаж, худал хөөрцөглөхийн оронд тэдэнд тустай бодитой шийдэл гаргах цаг иржээ. Өнөөдөр нийт тэтгэвэр авагч 3 хүн тутмын 2 нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Тэднийг сарын 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдар гэж тулгаж байна. Ийм байж төр ахмад настныхаа нийгмийн хамгааллын баталгааг хангах үүргээ биелүүлж байгаа гэж үзэж болох уу?

Эрхэм гишүүд, Та бүхнийг яаралтай Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалъя. Богино хугацаанд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийж чадвал ахмадуудын тэтгэвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломж байгаа. Миний зүгээс цаашид тэтгэврийн шинэчлэлийг явуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж, чиглэл өгч ажиллах санал тавьж байна.

Хуримтлагдсан асуудлыг иргэдэд тустай талаас шийдвэрлэхийн оронд далимдуулж хялбар унац гаргах гэдэг зуршлаа таягдан хаях хэрэгтэй. Утааг далимдуулаад бэлэн байгаа зуухыг шахчих, сайжруулсан түлш нэрээр мөнгө цөлмөхийг санаархах гэх мэт явуургүй төслөөсөө татгалзаад нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулах, нэг  ч гэсэн монгол хүнийг ажилтай болгох талаар санаа тавих цаг ирсэн байна.

Утаагүй зуух, сайжруулсан түлшийг гэр хорооллоор 10 жил хавтгай тараагаад амжилт олоогүйг ухаарахад тийм хэцүү биш баймаар....Утаа арилгах нэрээр хэдэн тэрбумаар мөнгө үрсэн байгууллага, албан тушаалтнууд тодорхой байсаар байхад толгойг нь илж өнгөрөөсөөр байх юм уу? Ийм нөхцөлд дараа дараагийн арга хэмжээнүүд чинь бас үр дүнгүй өнгөрөх эрсдэл бэлээхэн байна. Хариуцлага ногдуулдаггүй юм чинь юу ч шахсан, юу ч хийсэн яадаг юм гэх сэтгэлээр утааны асуудалд хандаж, амташсан хүмүүс нь одоо ч эрх мэдэлтэй байна.

Асуудлыг шийдвэрлэх аргаа, хариуцлагын тогтолцоогоо өөрчлөөч гэдгийг би хатуу сануулж хэлмээр байна. Төрийн албанд талцал, улс төржилт туйлдаа хүрч, ажлаа хэвийн хийж чадахгүйдээ хүртэл явцуурсныг би Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний албатуудын ёс зүйгүй үйлдлээс харлаа. Тэнд жинхэнэ үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж, Монголын төрийг үнэгүйдүүлж байна. Өвчлүүлж байна. Яаралтай эмчлэх, хэвийн байдалд оруулах эсэхийг шийдэх хүмүүс нь та нар. Төрийн албаны ялзралыг ингээд харсаар суух юм уу, ямар нэг хариуцлага, сахилга батын тогтолцоо байна уу?

Ядуурал бол Монголд хуримтлагдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Ядуурлыг ажлын байр бий болгож л арилгана.

Ажлын байрыг бүтээн байгуулалт, дорвитой далайцтай төслүүд л бий болгоно. Яавал олон ажлын байр бий болгох вэ, яавал тэр нь тогтвортой урт хугацаанд орших вэ, яавал арай ахиу орлого гаднаас олох вэ үүнд сэтгэл оюунаа чилээгээд, шуурхай, далайцтай ажиллаж чадах эсэхээс тань улс орны хөгжил, иргэдийн амьдрал шууд хамаарч байна. Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид, гадны гар хөл бологсод 28 жил Монголд юу ч  үйлдвэрлэх хэрэггүй, дэлхий хийчихнэ, зүгээр сууж бай гэж сурталдаж, ятгаж, хорлож ирсэн. Тэдний хүслээр Монголын бүх Засгийн газар ажилласаар өдий хүрсэн ч эдийн засаг сайжралыг олсонгүй. Одоо болоо юм биш үү? Сургамж авбал авахаар хохирол амслаа, хугацаа алдлаа. Мэдэмхийрэгчид, хийрхэгчдийг үл тоогоод монгол хүнийг ажилтай, орлоготой болгоход шаардагдах юу байна бүгдийг хийцгээе. Та бүхэн ингэж сэтгэж, зүтгэвэл миний зүгээс чадлаараа дэмжиж, уриалж, гар бие оролцоход бэлэн байгаа.

Иргэдээ бод, ард түмнээ хайрлаач гэж би та бүхнээс ахин дахин хүсэж байна.

Арав гаруйхан настай хүү элэгний вирусын эсрэг эмийг эрх мэдэлтнүүд дамлан худалдаж байгааг, эм авахад эцэг, эхийнх нь орлого хүрэлцэхгүй байгааг, сайн эм гаднаас оруулж ирэх боломжийг эмийн худалдаанд хяналтаа тогтоосон эрх мэдэлтний бүлэглэл зориуд хязгаарлаж байгааг шүүмжлэн хэлж байна.

Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг албан тушаалтан байж болох уу? Ийм хүмүүст төрд ажиллах ёс зүй бий юу?

Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна гэдгийг ард түмэн хэлж, сануулж байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа. Иргэд та бүхнээс халамж, бэлэн мөнгө нэхээгүй ээ. Тэд хуулийн засаглал, шударга ёсыг л шаардаж байна.  Би саяхан Прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хуулийг сахиулах, болон хэрэгжүүлэх үүрэгтэй бүтцүүд хуулиа, зарчмаа хамгаалах, иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ганхийхгүй, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үг, үйлдэлд хариу өгөхгүй өөгшүүлж суудгаа боль гэж шаардсан. Шүүхийн шийдвэрийг хэн дуртай нь шүүн хэлэлцэх, буруутгах нь хуулиар хориотой, шүүхээр тогтоогдоогүй бол хэн ч байсан бусдыг гэмт хэрэгт буруутган цоллох эрхгүй. Ийм тулгуур зарчмуудаа хуулийн байгууллагууд хамгаалахгүй бол хууль яаж дээдлэгдэх юм бэ.   

Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг гадны банкны зээлийн барьцаанд тавьж алдахад хүрч буй талаар олон жил ярьж шуугисан ч хэн ч хариуцлага хүлээгээгүй, асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Зээл авсан хүн, төрийн өмчөөр баталгаа гаргахад нь зуучилсан, дэмжсэн, баталгаа гаргасан албан тушаалтнууд нь тов тодорхой байхад, арбитрын шүүх дээр баримтаар нотлогдсоор байхад хэдий болтол хараагүй, сонсоогүй, юу ч болоогүй мэт мэлзсээр, мэлэрсээр суух юм бэ. Та бүхэн сайхан амлаж, бүх эрх мэдлийг авсан хэрнээ асуудлыг шийдэх бус булзаж, тойрох гэсээр байгаад ужгирсан асуудалдаа залгиулчихлаа. Эрдэнэт үйлдвэрийн орлого, санхүү шүүхийн шийдвэрээр барьцаалагдах болж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн болжээ. Яаралтай асуудлаа шийдээч, гэм буруутнуудад хариуцлагаа тооцооч.

Энэ мэт тодорхой асуудлыг шийдэхгүй байгаа чинь иргэдийн төрдөө итгэх,  шударга ёс, хуулийн засаглалд найдах сэтгэлийг үгүй хийж байна. Шударга ёсыг хэрэгжүүлдэггүй Засаглал удаан оршдоггүй...

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх, төрийн албан хаагчид оффшор данс эзэмшсэн зэрэг асуудлуудыг удаашруулж, гацааж, шийдвэрлэхгүй байгаа нь иргэд биш шүү дээ. Иргэд эдгээр асуудлуудын шийдлийг Та бүхнээс шаардаж байна. Хууль тогтоогчид та бүхэн үргэлжлүүлээд хараад суух юм уу, хуулийн дагуу нэг мөр шийдэх юм уу гэдэг улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх цаг болж. Та бүхэнд бүх эрх мэдэл шилжээд бүтэн хоёр жил өнгөрлөө шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж та бүхнээс шаардаж байна.

Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна. Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа. Үүнийг мушгин гуйвуулж эв нэгдлийг бусниулж байна, төрийн эсрэг турхирч байна гэх ундууцал илэрхийлж байгаа нь буруу. Ажлаа хийхгүй байгаа бүтцийг дуугүй хараад суух нь эв нэгдэл биш. Шахаж шаардах л ёстой. Ард олноо бухимдуулаад ажлаа хийхгүй суух нь харин үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байгааг ойлгож, хичээл чармайлттай ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулан, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, мөн өөрийн цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Иргэдийн шахалт шаардлага, санал бодлыг цаг алдахгүй хүргэхийн тулд өнөөдөр чуулганы хуралдаанд оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.