Ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлнэ
2018.02.09

Ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.02.09) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа юм.

Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож, хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.