Тэрбишдагва.Д 2018.02.13 | Сайт: Мэдээ.МН

Д.Тэрбишдагва: УИХ-ын чуулганы завсарлага чинь гадаадад аялах, зугаалахын нэр биш

Д.Тэрбишдагва: УИХ-ын чуулганы завсарлага чинь гадаадад аялах, зугаалахын нэр биш

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд хуулийн төслүүд дээр хэр сайн ажилласан гэж та дүгнэх вэ?

-Гол цөм нь 2018 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогыг баримтлах тухай хууль  батлагдлаа. Миний хувьд эдгээр хуулиудыг УИХ боломжийн хэмжээнд хэлэлцээд шийдсэн гэж бодож байгаа. Зарим нэг хуулийн төслүүд үнэхээр чанар муутай орж ирж, түүнийг нь УИХ дээр засч сайжруулах ажил их цаг авлаа. Зарим хуулийн төслүүдийг бараг танигдахгүй болтол нь засах тохиолдол ч гарсан. УИХ-ын гишүүд  бүгдээрээ төгс, төгөлдөр хүмүүс биш.

Тэгэхээр зассан хувилбаруудад сайжруулсан нь ч бий. Бүр муудуулсан нь ч байгаа. Ер нь хууль боловсруулагчид, ялангуяа Засгийн газар өөрсдөө хуулийн төслөө сайн боловсруулж орж ирэх учиртай юм. Хуулиа боловсруулахдаа салбарын эрдэмтэд, энэ чиглэлийн ТББ-уудтай хамтран ажиллах шаардлага байна. Ингэж байж сайн хуулийн төсөл боловсруулагдана. Тэгээд нэг хуулийн төсөл ороод ирдэг. УИХ дээр хэлэлцэхээр эргээд хууль санаачлагчид нь төслөө хамгаалж чадахгүй сууж байх жишээтэй.

УИХ гишүүд мэдэх зүйлээ мэднэ. Мэдэхгүй зүйлүүд өчнөөн байна. Түүнээс биш гишүүд нухаад л хуулийн төсөл сайжирчихна гэж ойлгож болохгүй. Анхнаасаа хуулийн төслийг маш сайн боловсруулж батлахгүй бол дараа нь эргэж буцдаг байдал хэвшил болчих гээд байна. Сүүлийн үед хуулийн төслүүдийн чанар муудаж, дагаад асуудал гарсаар байна.

-УИХ-ын гишүүд  ирцийн асуудал анхаарал татсаар байна. Цаашдаа ирцийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэх ёстой юм бэ?

-Хуулийн төслийг хэлэлцэхдээ байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан ирц муутай хуралддаг. Нэг хэсэг чуулган, байнгын хороодын хуралдаан цаг гаруйн дараа эхэлдэг байсан. Бид шаардлага тавьсны хүчинд цагтаа эхэлдэг болж байгаа. Энэ бол дэвшил гэхээсээ илүү ёс журам нь арай сайжирч байгаа л хэрэг. Ард түмнээс сонгогдсон гишүүд ёс зүйтэй  байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг хуралдаа сууж, хуулиа батлах явдал. Сургууль, цэцэрлэгүүд яг цагтаа ажлаа эхэлж байна. Үүнтэй адилхан л бид ажиллах ёстой. Иргэд хүүхдээ сургуульд нь хоцроохгүйн тулд цагаа маш сайн барьдаг. Минут бүр үнэ цэнэтэй байна. Ард иргэд ингэж амьдарч байхад УИХ-ын чуулган 10:00 цагаасаа эхлэхгүй байгаа нь цэвэр гишүүдийн буруу. Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаантай үеэр гишүүд тойрог дээрээ ажиллаад байх юм.

Чуулганы хугацаанд гишүүд зөвхөн хагас сайн өдрөөр л тойрог дээрээ ажиллах учиртай. УИХ-ын чуулганы завсарлага гэдэг чинь гадаадад аялах, зугаалахын нэр биш. УИХ-ын чуулганаар боловсруулсан хуулиа тайлбарлаж, хуульдаа хяналт тавьж, ард түмнийхээ санал бодлыг сонсож явдаг болохоос ээлжийн амралтаа авахыг хэлдэггүй.

-Хаврын чуулганаар 104 хуулийн төсөл хэлэлцэх тов гарсан. Таны хувьд Хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэх асуудал юу байх хэрэгтэй гэж үзэж байна?

-Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл олон бий. Гэхдээ миний хувьд ард түмний өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал юу вэ гэдгийг олж тогтоож, хууль гэхээсээ илүү ард түмнийг ядуурлаас гаргах, ажил орлоготой болгох том төслүүдийг ярих хэрэгтэй. Төмөр замын төслийг жишээлбэл хэдэн жил ярив.

Автозамын транзитын асуудлыг бас хэдэн жил ярив. Одоо шийдмээр байна шүү дээ. Тэгээд Оюутолгой, Тавантолгойн асуудал байна. Оюутолгойг үр дүнтэй байлгаж гүйлгээний валютыг Монголын банкаар дамжуулдаг болмоор байна шүү дээ.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан хэрэг чуулганы завсарлагатай зэрэгцэн сөхөгдлөө. Хөрөнгийн баталгаа гаргаснаараа “Эрдэнэт” үйлдвэр, Монголын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой юу. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал зөв, буруу нь эцэслэн шийдэгдээгүй байхад энэ асуудал сөхөгдлөө. “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал, “Стандарт” банкинд төлөх ёстой өрийг Монгол Улсын Засгийн газарт хохиролгүйгээр Арбитрын шүүхэд ялалт байгуулах хэрэгтэй байна. Хэрэвзээ Олон улсын Арбитрын шүүхэд ялагдвал “Тэмээн дээр ямааны гарлага” гэдэг шиг юм болох гээд байна.

Санжийн Баяр “Хан ресурс бид хурааж авна” гэж хэлчихээд 100 саяын алдагдал хүлээж байсан гашуун сургамж бий. Тиймээс “Эрдэнэт”-ийн энэ асуудалд Засгийн газар онцгойлон анхаарч, олон талаас нь ярьж, олон талаас нь харж ямар ч байсан Монгол Улс ялна гэсэн бат итгэлтэй орохгүй бол заргаа алдчих вий дээ.

Алдаад бүр дээрээс нь 200, 300 сая ам.долларын өрөнд орчих вий гэсэн болгоомжлол байна. Тэр өрөнд орчих юм бол Засгийн газрын нөхдүүд тэр өрийг төлөхгүй ард түмэн л төлнө. Татвар төлөгчид үүрнэ.  

-“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд төлөх 99 сая ам.долларын дуулианд Оюутолгой компани Голландын нэг байгууллагад бас хэдэн зуун сая ам.долларын өртэй болсон сэдэв дарагдаад өнгөрчихөв үү?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-31-нд Голландад байдаг “Үндэстэн дамнасан корпариацуудыг судлах төв” гэж байгууллагаас 49 хуудас дүгнэлт гаргасан байна. Тэр нь ямар учиртай дүгнэлт вэ гэхээр, Канад Улс “Рио Тинт”о компаниас 470 сая ам.доллар авах ёстой гэсэн мэдээлэл гараад, Канадад бөөн дуулиан болж байна.

“Рио Тинто”-гоос нэхэмжлээд байгаа энэ 470 сая ам.доллар чухам ямар мөнгө болох, Оюу Толгой үүнд хамаарч байгаа учраас УИХ-аас Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Энд Монголын баялаг, монголчуудын эрх ашиг ч мөн яригдаж байгаа учраас судалж үзэх нь зүйтэй.

Ж.МЯДАГБАДАМ