Ж.Сүхбаатар: Сонгуулийн хуулийн чимхлүүр ажил дууссан
2011.06.16

Ж.Сүхбаатар: Сонгуулийн хуулийн чимхлүүр ажил дууссан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Байнгын хорооноос шийдвэрлэсэн гол асуудал юу байв?

-УИХ-ын сонгуулийн тогтолцоо нь холимог байна гэж шийдсэн.Үүнтэй холбоотой сонгогчдын бүртгэлийн асуудал, сонгуульд нэр дэвших, сонгуулийн зохион байгуулалт гээд бүх асуудлыг хэлэлцэн чөлөөт, шударга сонгууль явуулах аргачлалыг нэг бүрчлэн авч үзэж байна. Гол нь УИХ-ын гишүүний мандат хуваарилахад хэд нь пропорцианаль, хэд нь мажоритор байх асуудал юм.

Үүнтэй холбоотойгоор тойргийн асуудал гарч ирнэ. Мөн намын босго хэдэн хувь байх, сонгогчийн саналын хуудсанд сонгогч саналаа илэрхийлэх тохиолдолд намыг дугуйлах уу, нэр дэвшигчийг дугуйлах уу, эсвэл хоёуланг нь дугуйлах уу гэхчлэн асуудлууд бий. Зангидаж хэлэхэд сонгуулийн мажоритор тогтолцоогоор УИХ-ын хэдэн гишүүнийг сонгох, хэдийг нь пропорционалиар сонгох вэ гэдэг асуудал байгаа. УИХ-д суудалтай намууд нэгдсэн шийдэлд хүрэх ёстой. Сонгуулийн хуулийн чимхлүүр ажил дууссан.Тогтолцооны буюу улстөрийн асуудалд тулж ирээд байна.

-Сонгуулийн хуультай холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотыг тодорхой болгох асуудал хөндөгдсөн үү?

-Эмэгтэйчүүдийн квотын асуудал ярилцах сэдвийн нэг. Гэхдээ намын босготой холбоотойгоор яригдана, Манайд 15-аас доошгүй хувь байна гэсэн ерөнхий зүйл байгаа. Гол нь пропорциональ тогтолцоо 76 суудлын хэдэн хувь нь байх вэ гэдгээс шалтгаалан эмэгтэйчүүдийн квот шийдэгдэнэ.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авах талаар юу яригдсан бэ?

-Байнгын хорооны хуралдаанаар гадаадад байгаа монголчуудын санал авах эрхийг нээе гэсэн зарчим баримталсан. Холбогдох журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гарах саналуудыг тусгаж гүйцээн боловсруулах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зарим асуудлыг шийдэх асуудал үлдээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.