Д.Тэрбишдагва 2018.02.14 | Өдрийн сонин

Д.Тэрбишдагва: УИХ-ын үйл ажиллагааны ЧАДАМЖ жилээс жилд эрс БУУРЧ байгаа

Д.Тэрбишдагва: УИХ-ын үйл ажиллагааны ЧАДАМЖ жилээс жилд эрс БУУРЧ байгаа

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ. Шинээр төрөн гарч буй хууль боловсруулалт талдаа тааруу байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Энэ намрын чуулганы ажлын үр дүнг дүгнэвэл бас чиг боломжийн шүү. Хэд хэдэн хууль баталж гаргалаа, улс орны эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүллээ. Харин хуулийн төслийн боловсруулалт тал дээр яах аргагүй дутагдалтай зүйл их байна аа. Төрийн байгууллагын албан тушаалтнуудын идэвх суларсан, чадавх дордсон, сэтгэл дутсан зүйл харагддаг. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд тухайн хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулдаг юм.

Заримдаа энэ ажлын хэсгийн ажилласан хуулийн төслийг гишүүд танигдахгүй болтол нь өөрчилж засдаг жишиг тогтох шинжтэй.

Нөгөө салбарын яам, төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүс “За тэгж шүүсийг нь шахаад яах юм. Тэртэй, тэргүй УИХ-аар хэлэлцэх үед танихгүй болтол засчихна биз” гэсэн буруу хандлага тогтох вий гэж болгоомжилдог болсон.

Уг нь шат шатандаа боловсруулалт сайн хийгээд, салбарынхны санаа оноог тусгаж, төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, эрдэмтдээр хэлэлцүүлж, мэргэжлийн яам хийгүй, чамбай, сайн төсөл боловсруулбал эрх ашгийн сонирхлын үүднээс юмуу эсвэл муутгаж засч чадахгүй болно шүү дээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэрвээ дордуулах гээд байвал Засгийн газар, сайд, санаачлагч нь үндэслэлээ тайлбарлаж, тооцоо, судалгаатайгаар боловсруулсан хуулийн төслеө хамгаалдаг байх хэрэгтэй байна.

Одоо хэлэлцүүлгийн явцад тухайн заалт, бодлогоо хамгаалах байтугай УИХ-ын гишүүн хэлсэн гээд үгийг нь шууд тусгадаг болчихлоо. Энэ нь лоббины хууль төрүүлэхэд илүү хялбар болгож, бас босгыг намсгаж байгаа хэрэг.

Мөн хуулийн төслийн ажлын хэсэгт долоон хүн байлаа гэхэд нэг, хоёр нь сууж ажиллаад үлдсэн хэд нь нэрсээ бичүүлчихсэн атлаа ажилладаггүй, алдаа дутагдал бас гарч байна.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч гэдгээ мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн болно гэдэг нь эрх дархтай, ямба эдэлдэг хүмүүс биш шүү дээ.

Тааваараа ажиллаж, чөлөөт цагаараа Их хурлын ажлыг хийдэг байдал бол маш ёс зүйгүй үйлдэл. Хуралдаа суухгүй, ирцээ бүртгүүлчихээд өрөөндөө шигдчихнэ, хуулийн төсөл уншиж судлахгүй, сууж ажиллахгүй байгаа нь сонгосон тэр олон хүнийг үл тоож, тэднийг доромжилж байгаатай ялгаагүй.

-УИХ-ын гишүүн Б.Наранхүү төдийгүй олон гишүүд хуралдаа ирэхгүй байдаг. Та бүхэн “ангийн нөхдүүддээ” хуралдаа ирээч гэдгийг сануулж хэлдэг үү?

-Монгол төрийн төлөө, монголчуудын хөгжил цэцэглэлтийн төлөө, тойргийн иргэдээ төлөөлж ажиллахын төлөө сонгогдсон хүн бол хуралдаа суугаад өгөөч гэж гуйлгахгүй ээ.

Хүний зорилго тодорхой байхад үйлдэл нь илтгэж байдаг.

Өөдөсхөн, балчир хүүхдүүд маань өглөө эрт нүдээ нухалж, нойрмоглосон ч 8 цагт цэцэрлэгтээ хоцрохгүй ирдэг биз дээ. 4Тийм байхад 10 цагт  эхэлдэг хурлаасаа хоцорч, тасалж байгаагаасаа ичих хэрэгтэй л дээ. Залуу, шинэ түшээ байлаа ч зарчим, үнэт зүйлээ ухаарч, цаг баримтлах соёл, мэдлэгээ тэлж, бас хариуцлагатай байх ёстой.

Энэ тухай ярихад намайг анх гишүүн болсны дараахан нэгэн эрхэм хүний сургамжилж хэлсэн үг санаанд бууж байна.

2004 оны Их хурлын сонгуульд нэр дэвшихдээ төрийн болон олон улсын байгууллагад ажилласан туршлагатай, хувийн аж ахуй ч эрхлээд үзсэн, төрийн яамны дэд сайд, элчин сайд зэрэг хариуцлагатай ажлыг хашсан байлаа.

Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагад 2004 онд анх сонгогдож орж ирээд удалгүй сайд болсон байсан юм.

Чуулганы танхимд Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэдтэй (агсан) бүлгийн хурлын танхимд зэрэгцэж суудаг байлаа.

Нэг удаа тэрээр “Чи төр, нийгмийн бэлтгэгдсэн боловсон хүчин л дээ. Гэхдээ Монгол төрийн ажил маш өндөр шапгууртай. Тийм болохоор миний дүү чи сайд болсон гэж огт хөөрцөглөж болохгүй шүү. Хуралдаа байнга суу.  УИХ, намын бүлгийн хурал дээр эхний хоёр сар нэг ч үг дуугарч болохгүй, бусдыг сайн сонс" гэж захисан юм.

Тэр үг маш үнэ цэнэтэй. Одоо ч санаанаас гардаггүй.

Санааныхаа зоргоор, амандаа орж ирсэн үгийг бураад, хүмүүст таалагдах гэж лоозогноод байж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болсон. Одоо шинээр томилогдсон гишүүдэд Үндсэн хуулийг үг үсэггүй цээжлүүлж, утга мөн чанарыг ухахад туслах зорилгоор оюуны бядтай ланжгаруудаар лекц уншуулж, Монгол төрийн түүх, төрийн хар хайрцагны бодлого, олон улсын өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, төрийн хүний ёс зүй, УИХ-ын үйл ажиллагааны талаар 14 хоногийн хугацаанд сургалтад хамруулах, судлуулах, цаашлаад шапгалт авдаг байх хэрэгтэй байгаа юм.

2004 оноос хойш ажиглагдаад байхад УИХ-ын үйл ажиллагааны чадавх жилээс жилд буураад л байна.

Юу ч мэдэхгүйгээр танин мэдэхүйн асуулт асуух, уялдаа авцалдаа муутай зүйл ярих гэх мэт байдал харагдаад л байгаа юм. Хүн мэдээж бүгддийг мэдэх албагүй ч хэрвээ мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал судалж, суралцахын зэрэгцээ зөвлөх, номын багш, ахмад туршлагатай хүмүүсээсээ асууж болно оо доо.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бид хэд Олон удаа шаардлага тавьж байсан.

Хүний кноп битгий дар, хуралдаа цагтаа ир, хуулийн төслөө судал, унш, өөрийгөө хөгжүүл гэдэг. Үүнд “нэг ангийнхны” зарим нь таатай биш байдлаар ханддаг юм билээ.

Ер нь УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотойгоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулмаар байгаа юм.

УИХ-ын гишүүн чуулгандаа суухгүй бол тэр өдрийнх нь цалинг хасах хэрэгтэй. Хэд хэдэн удаа хоцорч хурал тасалбал хугацаа зааж хариуцлага тооцъё. Хууль тогтоох үндсэн үүрэг, парламентад иргэдээ төлөөлж сууж ажпаа хийхгүй, хэдхэн удаа царайгаа харуулдаг гишүүнийг эргүүлэн татдаг болох механизмтай болгомоор байгаа юм. Цаг үргэлж гадаадад томилолтоор явж, өөрийн зав чөлөөгөөрөө Их хурлын ажлыг хийж болохгүй биз дээ.

-Засгаа огцруулаад бүр сайн ажиллана гэж байгаа шинэ Засгийн газрын 100 хоног шатахууны үнэ нэмэгдсэнээс эхлээд иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлсэн байдалтайгаар угтаж байх шиг байна. Та Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж харж байна вэ?

-Монголчууд наадмын дараа намар гэж ярьдаг. Гэтэл өнгөрсөн жил наадмын маргаашаас эхлээд улс төржиж засгаа огцруулах тухай яриа хөвөрч, ханцуй доторх тохиролцоогоо бодит ажил хэрэг болгосон л доо.

Өнгөрсөн намаржингаа л улс төржсөөр байгаад өвлийн бэлтгэл ажлаа ч олигтой зэхээгүй, төрийн чухал бодлого шийдвэрүүдийн талаар биш бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөө, бас нэгнийгээ намнах гэсэн хэрүүлд хамаг цаг заваа барсан л даа. Тийм болохоор энэ Засгийн газрын 100 хоногт түүхэн шийдвэрүүд гарч, гялалзтал ажиллана гэсэн хүлээлт байгаагүй ээ.

Гэхдээ бас яахав ээ, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг нааш нь эргүүлж чадсан гэж боддог. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, гадаад нөхцөл байдлын үнэлгээ дээшилж байгаад нөлөөлөх гол хүчин зүйл бол ашигг малтмалын үнийн өсөлт. Үүнийг дагаад төсөвт орох орлого нэмэгдэж байна л даа.

-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж гадны “Стандарт" банкнаас “Жаст” группын захирал Ш.Батхүү зээл авсан нь Арбитрын шүүхэд дуудагдлаа гэсэн мэдээллүүд гарч байна. Манайх арай “Эрдэнэт” үйлдвэрээ гадны банкинд тавиад туучих юм биш байгаа. Оросын талын 49 хувийг худалдаж авахдаа ч бас хууль зөрчсөн гэх юм. Шүүхдээд л байгаа юу?

-"Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талд байсан хувийг Монголын компани авсныг буруутгаад байгаа юм биш ээ. Үнэхээр хууль зөрчсөн бол хүлээх хариуцлага гэж бий л дээ. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд оруулаад ирсэн компанитай нь эхлээд зөвшилцөлд хүрч ярилцах ёстой.

Гадна талд байсан өмчийг эх орондоо оруулаад ирсэн тэднийг хадны мангаа шиг харлуулж, хана босгоод байх хэрэггүй.

Миний хувьд УИХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг олон улсын шүүхэд дуудагдалгүйгээр харилцан ойлголцож, улс орондоо нааштай талаас нь шийдэгдээсэй гэж бодож байгаа. Асуудлыг даамжрахаас нь өмнө шийдэх бололцоо бий шүү дээ.

Мэдээж төр засгийн эрх мэдлийг атгаж байсан хүмүүс сонгуульд зориулж иргэдийн санал авах гэж албан тушаалаа ашиглан, Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр тогтоомж гаргаж авсан нь буруу.

Гэхдээ олон улсын Арбитрын шүүхэд оччихвол тэмээн дээр ямааны зардал гаргачих вий дээ. Тийм түүх бас бий шүү дээ. “Хан ресурс” компанийн лицензийг Ерөнхий сайд асан С.Баяр цуцалснаас болж 100 сая ам.долларын өрөнд унаж Монголын ард түмэн, татвар төлөгчид л хохирч төлсөн.

100 сая ам.доллараар 100 сургууль, цэцэрлэг барих боломжтой байсан юм шүү дээ. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Монголчууд хоорондоо ярилцаж хуулийн дагуу шийдэх арга зам бий.

Мөн “Жаст”, “Стандарт банк”-ны хооронд үүссэн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай адилханлмэдээлэлтэй байна. Энэ асуудалд Засгийн газар анхаарал хандуулаад УИХ-д оруулж танилцуулах хэрэгтэй. Үүний дараа дүн шинжилгээ хийж хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлнэ ээ.

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 32 сая ам.долларын зээлийг аль аймагт зарцуулах вэ гэж гишүүд маргалдаж байсан. Азийн хөгжлийн банкны энэ зээл хоёр ч УИХ дамнан яригдсаар одоо л шийдэгдэх гэж байгаа гэв үү?

-Гадаадынхан юм чулуудангуут нохой хоорондоо уралцаж байгаа юм шиг хэрэлдээд байж болохгүй л дээ. Монгол төрд бодлого гэж бий. Засгийн газар тогтвортой хөгжлийн хөтөлбөрийнхөө дагуу Хөвсгөл, Хэнтий гээд аль аймгаа аялал жуулчлалын төв болгох вэ гэдгээ тооцоо судалгаатайгаа шийднэ.Нэг газрыг аялал жуулчлалын загвар төв болгон хөгжүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Түүнээс биш миний тойрогт авчихвал, рейтинг маань өснө гэсэн явцуу хандлагаар шийдэх гэж улайраад байж болохгүй л дээ.

Хөвсгөл далайн ойр орчимд хэн дуртай нь очиж жорлон барьж байна. Ийм замбараагүй аялал жуулчлалын төв гэж байдаг юм уу. Цэвэр усны гол эх үүсвэр болсон Хөвсгөл нуур Улаанбаатар шиг агаар, хөрсний бохирдолтой болчихгүй гэх баталгаа алга.

Манай улсын хувьд гадныханд шившгээ дэлгэдэг. Дэлхий нийт бидэнд туслъя гэж байхад нэг Засгийн газар солигдонгуут өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг үгүйсгэдэг. Манай улсын Засгийн газрын дундаж наслалт 1.6-2 жил гэж үзэхээр байсхийгээд л засаг солигдох үед олон улсын байгууллагаас хэрэгжих олон хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр саатдаг.

Би ганцхан жишээ хэлэхэд Эгийн голын цахилгаан станцыг барина гэж манайх 30 гаруй жил ярьж байна. БНХАУ-аас зээл тусламж авах тухай 10 гаруй жил ярилаа. Вьетнам, Камбож, Лаос зэрэг орнууд манайхтай ижил нөхцөлөөр зээл тусламж аваад эдийн засгийн эргэлтэд оруулж өндөр үр ашиг хүртсэн байна. Манайх гэтэл зээл авах тухай яриад л олон жилийг үддэг.

-Таны санаачилсан “Ажилсаг монгол” хөтөлбөрөө танилцуулна. Чуулга уулзалт хийгээд байсан Германы зүгээс дэмжлэг байна уу?

-Би “Зааг” номоо бичихийн тулд дэлхийн улс орны хөгжлийг нэлээн судалсан л даа. Хөгжлийн гол тулгуур хүн өөрөө юм. Хэрвээ хүн болгон ажилтай, орлоготой, байвал улс орон хөгжинө. Яагаад вэ гэвэл ажилсаг хүн хариуцлагатай, сахилгатай, шударга байдаг.

“Ажилсаг монгол” хөтөлбөр дээрээ их нухацтай сууж Засгийн газраар батлуулах санаатай байна.

2030 он хүртэл дэлхийн хэмжээнд ажиллаж чадах мэргэжлийн боловсон хүчин, мастер, инженер, мэргэшсэн ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эздийг бий болгохоор зорилго тавьж байна.

Өнөөдөр гэхэд ХБНГУ-аас 13 мастер багш ирчихсэн нарийн мэргэжлээр багшилж байна. Цаашид 16-аас дээш насны залуучуудыг эх орондоо хэлний мэдлэгийг нь дээшлүүлээд гадаадад мэргэжил эзэмшүүлэх зорилготой байна.

Манай монголчууд гурван сая хүн дотроо өрсөлдөх биш бүгдээрээ нийлж нэгдэн гадаад зах зээл рүү гарах хэрэгтэй. Үүний төлөө, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө, хүнээ хөгжүүлэхийн төлөө, мэргэжүүлэхийн төлөө л зүтгэж байна даа.

-Та бидний ярилцлага монгол түмний сар шинийн баярын өмнөхөн гарч байна. Цагаан сарын дурсамжаасаа ярихгүй юу?

-Хэдийгээр социализмын үе байсан ч манайх цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Аав маань лам хүн байсан юм. Тийм болохоор багаасаа л номын дуу сонсч, уламжлалт баярын бэлгэдэл, зан заншлын талаар мэдээлэлд ойр өгсөн.

Сар шинийн баяраар хүүхэд байхдаа аав, ээжийгээ дагаж, хуруугаа хөлдөөж явсан түүх бий. Миний аав гарын уртай хүн байсан болохоор цагаан сар дөхөхөөр хүүхдүүдээ төрсөн жилд нь тохирсон амьтны дүрстэй боов хийж өгдөг байлаа.

Манай гэр бүлийн хувьд 2000 оноос цагаан сарын баярыг тэмдэглэдэг болсон. Аавын маань шүтэж ирсэн зарим бурхан, ном надад өвлөгдөн ирсэн байдаг. Бурхан тахилаа шүтэж, ахмад буурлууддаа очиж золгож, манай гэрээр ч хүмүүс их ирдэг дээ. Сонгино хайрхан дүүргийн 2500 гаруй ахмад буурлууддаа сэтгэлийнхээ бэлэг, өөрийнхөө бичсэн номыг гардуулдаг.

Цагаан сар бол эрүүл энхийг ерөөж ажил үйлс бүтэхийн дээдийг хүсдэг бэлгэдлийг дээдэлсэн сайхан баяр. Цагаан сарын баярын өдөр шиг монголчууд үргэлж элбэг дэлбэг, эвтэй найртай байж, ирж буй нохой жилдээ ажил үйлс бүхэн нь өөдрөг, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

Сэтгүүлч Б.ДОЛЗОДМАА