Эрдэнэбат.Ж 2018.02.14 | Өдрийн сонин

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат улсын АВАРГУУДАД шагнал гардууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат улсын АВАРГУУДАД шагнал гардууллаа
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг

УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат “Тийн унжлагат” хэмээх нохой жилийн босгон дээр Сэлэнгэ аймгаас “Улсын аварга” цол, тэмдгээр шагнуулсан хүмүүсийн шагналыг гардууллаа.

Энэ жил тус аймгаас улсын аварга 13 төрөн гарсан юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн орлогч дарга Н.Хурц нарын албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө, Сант суманд очиж аваргуудын шагналыг гардуулсан.


 

Тэрээр Мандал сумын Хэрх тосгоны фермер Дашнямын Отгонбаярын гэрт зочилж  “Улсын аварга фермер"-ийн шагналыг нь анхлан гардуулав. Д.Отгонбаярын хувьд Сэлэнгэ аймгаас анх удаа “Улсын аварга фермер” болсон нь энэ юм.

Д.Отгонбаяр 1988 оноос хойш 30 жил мал маллаж, хэдийнэ нутаг орныхоныхоо хүндлэлийг хүлээсэн фермер болжээ. Түүний хувьд мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, мал эмнэлэг үржлийн арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулж ирсний дүнд эрүүл таваарлаг сүрэгтэй болж чадсан байна.

 Сэлэнгэ аймгаас анхны  “Улсын аварга фермер" тодорлоо

Шинэхэн аваргын тухайд сүүний чиглэлийн үхрийг сонгон үржүүлж, сүү үйлдвэрлэлийнхээ хэмжээг сүүлийн гурван жилд 191.1 мянган тонн сүү үйлдвэрлэжээ. Одоо Сүү ХК-тай гэрээлэн нийслэлийн иргэдийг эрүүл хүнсээр хангаж байгаа аж. Сүүний үхрийн технологид нийцсэн битүү дулаан байр барьж, жил бүр 21-30 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж байгаа юм байна. Түүнчлэн тэжээлийн бүтэц, чанарыг сайжруулах зорилгоор 20 га-д тэжээлийн ургамал тариалдаг гэж байлаа. Сум орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хоёр туслах малчныг сар бүр 300 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байгаа гэдгийг хэлж байсан юм.

Улсын аварга фермер Д.Отгонбаяр “Би сүүлийн 10 гаруй жил эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байгаа болохоор малын тоо гэхээсээ илүү чанарт анхаарч байгаа. Манай сум хуучин хуучин 800 талын улаан үнээний фермтэй байсан. Тэр ухрийн цөм сүрэг Мандал суманд л үлдсэн. Нэг үнээнээс дунджаар өдөрт 10 гаруй литр сүү авдаг” гэж байлаа.

Отгонбаярын аав Дашням 1966 онд “Улсын аварга малчин” цол, тэмдгээр шагнуулж байсан бол 52 жилийн аавынхаа гаргасан амжилтыг давтаж буй нь энэ аж. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаас анхны улсын аварга фермер болсон Отгонбаяртаа баяр хүргэж, булган сүүлтэй байх болтугай хэмээн ерөөж хөдөлмөрч хүн хаана ч газарддаггүйн тод жишээ болж чадлаа гэдгийг онцолж байв.

Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд “Мандал сумын Хэрх Хэрх тосгоноос анх удаа Улсын аварга фермер төрж буйд баяртай байна. Манай сум эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр аймагтайгаа хамтран ажиллаж байгаа. Байран маллагаатай болгож. ашиг шимийг нь нэмэгдүүлэх тал дээр ИТХ зөв шийдвэр гаргаж ажилласны дүнд Отгонбаяр маань улсын аварга боллоо. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бат-лахдаа эрчимжсэн мал ахуйн бүс нутаг тогтоох, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийг сумаас шийдэхээр болсон” гэдгийг онцолж байсан юм.


Гонир багийн малчин Басангийн Балжинням

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дараа нь Баянгол сумын малчин Басангийн Балжиннямын хотонд зочилж “Улсын аварга малчин”-ы цол, тэмдгийг нь гардуулан өглөө.

Б.Балжинням нь 21 жил мал маллаж байгаа бөгөөд 2008 онд Баянгол сумын Гонир гуравдугаар багт шилжин иржээ. 2006 онд мянгат малчин, 2016 онд “Алтан ишиг"-ний эзэн болж байсан аж.

Аварга Б.Балжиннямын хонь баяд омгийнх бол Баяндэлгэрийн улаан ямаа, адуун сүрэг нь Тэсийн голын угшилтай бөгөөд Сүхбаатар, Дорнодоос цус сэлбээд байгаа юм байна. Сумандаа ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд есөн хүнийг туслах малчнаар ажиллуулан сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа гэнэ. Тэрээр жилд 800-2200 кг махыг Улаанбаатар, Дархан-Уул аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг бол өдөрт 250 литр сүүг Сүү ХК-д борлуулж байна. Б.Балжинням баяр ёслолын үеэр нутгийн зарим ахмадуудад хонь бэлэглэдэг гэж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шагнал гар-дуулж дууссаны дараа аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа гарын бэлэг гардуулсан юм.

Улсын аварга малчин Б.Балжинням “Аав, ээжээсээ өвлөсөн малч ухааныг өвлөн авч, 1998 онд гэр бүл болж 90 гаруй толгой малтай өрх тусгаарласан бол 2006 онд малын тоо толгойгоо мянга давуулж байсан. 2007 оноос хойш малын чанарт илүүтэй анхаарч эхэлсэн. Одоо 1990 толгой малтай болсон. Сар шинийн босгон дээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ хүндтэй шагналыг гардуулан өгсөнд баяртай байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн зүүн талын сумдад цас багатай өнтэй өвөл болж байгааг очсон газрын аваргууд хэлж байв.


МОНОСТОЙН НУРУУ ХХК-ны хамт олонд шагналыг нь гардууллаа

Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Моностойн нуруу” ХХК-г “Улсын аварга тариаланч" хамт олноор шалгаруулжээ. Тус компанийн захирлыг Бадарчийн Пүрэвжав гэдэг бөгөөд өдгөө 83 настай буурай байсан юм. “Газрыг өөрийн хүүхэд шигээ хайрлах ёстой” хэмээн захидаг Б.Пүрэвжав гуай 56 жил тасралтгүй газар тариалангийн салбарт ажиллаж байгаа гэнэ.

“Моностойн нуруу" компани 2000 онд байгуулагдсан бөгөөд 1100 м2 үр тарианы агуулах, үтрэм байгуулсан аж. Тус компани 1320 га эргэлтийн талбайтай гэж байв. Сүүлийн жилүүдэд 700-850 га-д тариалалт хийж, га-гаас дунджаар 15.3 центр ургац авч, 1200-1800 тонн улаанбуудайнаас 830-850 сая төгрөгийн борлуулалт хийдэг юм байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улаанбаатар гурил, Өгөөж чанар, Од группт улаан-буудайгаа нийлүүлдэг гэж байлаа.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг тус компани байнгын ажилтан 10, хавар, намрын үед 8-10 туслах ажил-тан авч ажиллуулдаг аж.

“Улсын аварга тариаланч” Б.Пүрэвжав гуайтай хууч хөөрлөө

“Улсын аварга тариаланч” Б.Пүрэвжав гуай “Би 1962 оноос хойш газар тариалангийн салбарт ажиллаж байна. Ноднин хур бороо багатай байсан ч га-гаас дунджаар 15.5 центр ургац авсан. Манайх нэлээд эрт тариалалт эхэлж, хөрс боловсруулалт зөв хийгдсэн учраас чийгээ хамгаалж чадсан. Дархан 144 сортын ганд тэсвэртэй үр хэрэглэж байна. Нутгийн дүү Эрдэнэбат маань ирж шагнал гардуулсанд баярлалаа” гэсэн юм.


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон аймгийн удирдлагууд Сант сумын малчин Жигжидсүрэнгийн Цогтбаатарын хотонд “Улсын аварга малчин’’-ын шагналыг нь гардууллаа. Ж.Цогтбаатар сумын унаган хүүхэд бөгөөд 2000 оноос хойш мал маллаж байгаа аж. Тэднийх 51 үхэр, адуу 68, хонь 1062, 102 ямаатай. Жилд дунджаар 73-87 сая төгрөгийн орлого олдог гэж байсан юм.

Сэтгүүлч Э.БОЛД