21 аймагт 100 үйлдвэр байгуулагдаж 6000 гаруй ажлын байр бий болно
2018.02.14

21 аймагт 100 үйлдвэр байгуулагдаж 6000 гаруй ажлын байр бий болно

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-д заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.48 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан юм.       

Хөтөлбөрийг боловсруулахдаа ажлын хэсгийн уулзалтыг 12 удаа төрийн болон төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгчид, малчид, судлаачдын төлөөлөл 800 гаруи иргэдийг хамруулж, 22 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж  санал авсан. Олон нийтээс санал авах зорилгоор яамны веб хуудсанд хөтөлбөрийн төслийг байрлуулсан. 

“Жижиг дунд үйлдвэр”, “Малын эрүүл мэнд“ хөтөлбөр болон “Шинэ хөдөө”, “Ажилсаг Монгол”, “Өсдөг, ургадаг баялаг” зэрэг төсөл, санаачилгуудын үзэл санааг уялдуулан баяжуулж тусгасан  “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын  шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд бүрэн чиглэсэн.

“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт 5 зорилтын хүрээнд 57 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн оруулсан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 3,7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо байгаа бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө, гадаадын зээл тусламж, Хөгжлийн банк болон арилжааны банкны зээл зэрэг бусад боломжит санхүүгийн эх үүсвэрийг оновчтойгоор хуваарилах замаар санхүүжүүлэхээр тусгасан.

Засгийн газрын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн төсөл яамдын саналыг дахин авч тусган, Сангийн яамнаас зөвшөөрөл авч ЗГХЭГ-т хүргүүлсэн болно.

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний хуралдаанаар ”Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр, энэ хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх юм байна. 

Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд эхний шатыг 2018-2019 он, хоёрдугаар шатыг 2019-2021 онд хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг   нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг цогц байдлаар хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үндэсний орлогыг өсгөх, татварын суурийг өргөтгөх, орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. 

Технологийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологийн шийдлийг цогцоор нь нутагшуулж, үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, зах зээлийг өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлснээр бүс, орон нутагт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сэргэн тогтворжиж, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр, нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэнэ.

“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт шинээр 100 үйлдвэр байгуулагдаж, үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага, эрэлтэд нийцүүлэн хүний нөөцийг бэлтгэж, 6000 гаруй хүний ажлын байр бий болгохоор тооцоолж байна.

“Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ”, “Халх гол”, “Эрчимжсэн мал аж ахуй”  зэрэг хөтөлбөрүүдийг орон нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тохируулан улсын хэмжээнд хэрэгжилтийг зохион байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин уялдааг хангаж ажиллана.