ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Орхон, Булган аймгийн Улсын аваргууддаа шагнал гардууллаа
2018.02.14

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Орхон, Булган аймгийн Улсын аваргууддаа шагнал гардууллаа

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр салбарын аваргуудаа тодруулж урамшуулдаг уламжлалаараа Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодруулсан .

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулсан юм.
Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан. Улсын аваргуудын шагналыг Засгийн газрын гишүүд сар шинийн өмнө орон нутагт нь гардуулан өгч байна. ХХААХҮ-ийн сайд Орхон, Булган аймгийн Улсын аваргууддаа шагналыг нь гардуулан өглөө.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК ны хамт олон

Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК нь 2002 онд байгуулагдсан, 1550 га эргэлтийн талбайтай  13 жилийн турш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн. Сүүлийн 3 жилийн дунджаар  882.3 га –д буудай, тэжээлийн ургамал тарьж, 817 га –д уринш боловсруулалт хийсэн, 1690 тн буюу нэг га-аас 21.1 цн ургац хураан авсан.
Техник шинэчлэлийн ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимтэй хийж орчин үеийн дэвшилтэт технологиашиглан техникийн парк шинэчлэлтийн  ажлыг 100 хувьд хүргэсэн амжилттай байна. Тус компани нь мэргэжлийн инженер, агрономич, эдийн засагч, нягтлан бодогч зэрэг мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог ханган ажилладаг.
Үр шинэчлэлийг жил бүр хийж өөрийн үрэнд 153 тн, ТЭДС-д 502 тн, гурилын үйлдвэрт 852 тн хүнсний улаан буудай, улсын үрийн нөөцөд 40, тэжээлд 140 тн тус тус нийлүүлсэн. Сумандаа байнгын ажлын байр 12, тариалалт, хураалтын үеэр орон нутгаас 40 гаруй иргэнийг түр ажлын байраар ханган 10.9 сая төгрөгийн цалин олгон ажилладаг.
Өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэн газар тариалан мал аж ахуйг хослон  хөгжүүлж, 240 м2 талбай бүхий 2 хүлэмжинд өргөст хэмх, гүзээлзгэнэ, сонгино,  30 гаруй нэр төрлийн жимс жимсгэний мод бут тариалж, 6 төрлийн шувуу үржүүлэн аж ахуйн болон ажилчдын өрхийн хэрэгцээг хангадаг.

Орхон тариа ХХК нь 3 жилийн дунджаар  улсын татварт 20.0  сая төгрөг, нийгмийн даатгалд 14.3  сая төгрөг, даатгалд 14.3 сая төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Жаргалант сумын “Бүтлийн-Ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэвгийн Нэргүй тариалангийн үйлдвэрлэлд 21 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна 

Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн-Ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэвгийн Нэргүй
Тариалангийн үйлдвэрлэлд 21 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна.Тариалангийн бүхий л үе шатны ажлуудад жигд өндөр бүтээмжтэй ажиллаж, хариуцсан техникүүдийн засвар, үйлчилгээ, тохируулгыг бие даан нягт нямбай, шуурхай хийж хэвшсэнээр сүүлийн гурван жилд 3195 га-д тариалалт, 3300 га-д уринш боловсруулалт хийсэн. Гурван жилийн дүнгээр 8539,6 тонн буудай хураан авсан,  техникийн ашиглалтын үзүүлэлт 105-118 хувьтай байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч байгаа өндөр хүчин чадлын Ньюхолланд маркийн комбайн, Кейс 6130 трактор, Кейс пума 210 маркийн трактор, Моррис үрлүүр, Харди ургамал хамгааллын бодис цацах техникүүдийг чадамгай эзэмшсэн.

Д.Нэргүй нь нөхдийнхөө хамт үтрэмээс тээвэрлэгч машинд үр тариа ачих техникт СК-5 комбайны цэвэр будааны элеватор ашиглан цахилгаан хөдөлгүүртэй, 20 минутад 8-10 тоннын будаа ачих хүчин чадалтай ачигч төхөөрөмжийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн амжилтаараа ийнхүү Улсын аварга тариаланчаар шалгарчээ.
Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат нь Газар тариалангийн салбарт 1976-1996 онд трактор, комбайнч, 1996-2017 онд 20 га талбайд төмс, хүнсний ногоо тариалан эрхэлж байгаа. Сүүлийн 3 жилийн дунджаар 7.8  га талбайд төмс, хүнсний ногоо тарьж, 6.7 га-д уринш боловсруулалт хийж, 222.7 тн ургац буюу нэг га- аас 166-343 цн ургац хураан авсан амжилт гаргасан.
Тариалангийн талбайг усалгаажуулахад 8 км усалгааны суваг татсан, 37 өрхийн тариалан энэхүү сувгаар усалгаа хийдэг, хөрсний үржил шимийг сайжруулахад жил бүр 45 тн бууц, 120-150 кг азотын бордоог технологийн дагуу хэрэглэдэг, төмс хүнсний ногоог сэлгэж  тариалдаг, ургамал хамгааллын цогц арга хэмжээг агротехнологийн дагуу хэрэгжүүлдэг, бусад ногоочиддоо сургалт хийж, туршилгаа зааж өгөн, өөрийн техникээр бусдад үйлчилгээ үзүүлдэг,  тариалалт, ургац хураалтын үед байнга 4 хүн, улирлын ажилтнаар 20 хүнийг ажлын байраар хангаж ажилладаг, шинээр худаг гарган 40 тариаланч,  малчин өрхийг ундны усаар хангажээ. 
Булган аймгийн Сайхан сумын “Сайхан овоо”багийн Улсын хошой аварга малчин  Ш.Дамдинсүрэн нь 1990 оноос эхлэн хөдөө гарч тасралтгүй 27 жил мал маллаж залуу ажилгүй иргэдийг өөрийн малчнаар ажиллуулж туршлагаасаа суралцуулах, бэлчээрийг сэлгүүлэн хуваарьтай ашиглах, сум багийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд цагаан идээ хандивлах, дэмжлэг үзүүлэх, сумын хүн эмнэлэгийн өрөө тохижуулах, хүүхдийн эмнэлэгийг сүү цагаан идээгээр хангах зэрэг бодитой ажил санаачлан хийдгээ төр засагтаа ийнхүү үнэлүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Улсын аварга малчин С.Цэнд-Аюуш 

Улсын аварга малчин С.Цэнд-Аюуш нь өмч хувьчлалаар нийт 68 толгой мал авч, аав ээжийн хамтаар маллаж мал маллах гараагаа эхэлсэн. Мал маллахын зэрэгцээ тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран ажил зохион байгуулах, залуу малчдыг дэмжих, хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулах, хоршоо байгуулж, малын түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад ихээхэн чармайлт гаргадаг хэмээн  сум орон нутагтаа үнэлэгдсэн тэргүүний малчин юм.
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Улсын аварга саальчин Д.Түмэнжаргал нь 75 настай. Ач хүүгийн хамт амьдардаг. Төрийн байгууллагад ажиллаж байгаад 1993 онд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч хөдөө аж ахуйн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа ахмад малчин юм. Тэрээр үхэр сүргийг дагнан маллаж, уламжлалт аргаар сүү цагаан идээ бэлтгэж зах зээлд борлуулж байгаагаас гадна Булган аймгийн “Алтан төгрөг” хүнсний дэлгүүртэй гэрээтэй ажиллаж бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Үхэр сүргийг ээмэгжүүлэлтэд бүрэн хамруулсан. Малын индексжүүлсэн даатгалд мал сүргээ тогтмол хамруулж хэвшсэн бөгөөд сүүлийн 5 жилд 600 толгой малыг 675.000 төгрөгөөр даатгуулж, татварыг хуулийн хугацаанд нь төлж 635.360 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлсэн.

Д.Түмэнжаргал нь жил бүр мал сүргээ тогтвортой өсгөж үхэр сүргийнхээ чанарыг сайжруулж Сэлэнгэ үүлдрийн үхрээр сүрэг сэлбэж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн амжилтаар 2015 онд МҮОНРТелевизийн шагнал “Алтан тугал”ын эзнээр шагнуулсан бол өнөө жил түүний амжилтын үнэлэн “Улсын аварга саальчин”-аар ийнхүү өргөмжиллөө.