А.Бархас:

Донорын тухай хууль гарснаар иргэний санхүүгийн дарамт дөрөв дахин буурна


4 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
А.Бархас: Донорын тухай хууль гарснаар иргэний санхүүгийн дарамт дөрөв дахин буурна

Монгол улсад Донорын тухай хууль 2000 онд анх батлагдаж байсан. Шинэчилсэн найруулгаар амьд донороо хамгаалж, амгүй донорыг дэмжих, донорын эрхзүйн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой хууль болсон гэж албаны хүн дүгнэж байна.

Хуулийн талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын Эрхтэн шилжүүлэн суулгах, донорын тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Бархастай ярилцлаа.

Донорын тухай хуулиар хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төв байгуулахаар болсон. Бас санхүүжилтийн тогтолцоог цогцоор шийдэж, иргэнээс гарах санхүүжилтийг 20 хувиас хэтрэхгүй гаргаж байхаар болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл уншигчдад хүргээч?

Энэ хуулиар донорын үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох эрх зүйн орчны хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг Зохицуулах албыг Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулж байгаа.

Санхүүжилтийн тогтолцоог цогцоор шийдэж чадсан нь энэ хуулийн нэг ач холбогдол. Өмнөх Донорын тухай хуулиар Донорын тусламж, үйлчилгээг төр хариуцдаг буюу улсын төсвөөс санхүүжүүлдэг байсан. Дээр нь ЭМД-ын тухай хуультай холбоотой даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний хэрэгслийн зардлыг санхүүжүүлж ирсэн.

Жишээ нь иргэн хүн 100 гаруй сая төгрөгний өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс засалд маш их зардал хувиасаа гаргадаг байсан. Үүнийг улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан, иргэн хүний өөрийнх нь төлбөр гэсэн гурвалсан хэлбэрээр шийдэж өгсөн.

Үүний үр дүнд иргэнээс гарах санхүүжилтийг 20 хувиас хэтрэхгүй гаргаж байхаар болсон.

Өмнө нь иргэн хүн эмчилгээний зардлынхаа 80 орчим хувийг өөрсдөө гаргаж байсан. Хууль гарснаар иргэний санхүүгийн дарамтыг 4 дахин бууруулсан.

Эсийн донор болон тээгч эхийн зохицуулалт орсон. Энэ талаар ?

Бэлгийн эсийн болон цусны үүдэл эсийн донорын зохицуулалтууд орсон. Цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар цусны болон бодисын солилцооны өвчлөл, удамшлын эмгэгүүдийг эмчлэх боломжтой болж байгаа юм. Тээгч эхийн тусламж, үйлчилгээний ерөнхий зохицуулалтыг мөн тусгасан. Цаашид нөхөн үржихүйг дэмжих тухай хуулиар нарийвчлан цогцоор шийдвэрлэх хэрэгцээ шаардлага бий.

 Цусны донор дээр ямар зохицуулалт орсон бэ?

Цусны донорын хувьд сайжруулсан зохицуулалт бол алдаршуулах, урамшуулах зэрэг зохицуулалт орсон. Манайх цусны нөөцөө бэлддэг. Нөөцийнхөө нөхөн хангалтыг хийх ажиллагаа дутмаг байдаг. Энэ дээр нэмэлт зохицуулалт хийгдсэн.

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд амьд донорыг түлхүү хэрэглэж байна. Энэ хуулиар амьд донороо хамгаалж, амьгүй донороо дэмжих эрхзүйн орчинг боловсронгуй болгож байгаа?

Амьд донороо хамгаалах хэрэгтэй.Тухайн донорын эрхтний тодорхой хэсгийг авч байгаа нь эрхтэн тогтолцооны талаасаа тодорхой хугацаанд дутагдал үүсгэдэг. Гэхдээ энэ нь тодорхой хугацааны дараа эргэн сэргэдэг. Хоёр бөөртэй байсан хүн нэг бөөртэй болно гэдэг үйл ажиллагааны дутагдал шүү дээ. Нэг хүнд амьдрал бэлэглэж байгаа ч нөгөө хүнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгахад хэрэглэгдэж байгаа донорын 5 хүрэхгүй хувьд амьгүй донорыг ашигласан байна.

Энэ бол маш бага үзүүлэлт. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар амьгүй донорыг түлхүү ашиглахыг зөвлөмж болгосон байдаг. Бид энэ тогтолцоог шинэчлэхийн тулд донорын зөвшөөрлийн асуудлыг хуульчилсан.

Донорын зөвшөөрөл, тэмдэглэгээний асуудлыг хэрхэн хуульчилж өгсөн бэ?

Донорын зөвшөөрлийг өмнөх хуулиар насанд хүрсэн хүний хувьд өөрийнх нь зөвшөөрлөөр, харин насанд хүрээгүй бол ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр болгохоор зохицуулсан байсан. Харин амьгүй донорын хувьд ар гэрээс нь зөвшөөрөл авах зохицуулалт байсан.

Шинэчилсэн хуулинд иргэн хүн амьд ахуй үедээ донор болох зөвшөөрлөө өгнө. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картан дээр донорын тэмдэглэгээг хийлгэнэ. Энэ асуудлуудыг нарийвчилсан шинэ журмуудаар зохицуулна.

Донорын нас өмнө нь 18 байсан. Үүнийг шинэ хуулиар 25 нас гэж өөрчилсний шалтгаан нь юу вэ?

Амьд донорын насыг 25 болгож заасан, донорын насны дээд хязгаарыг 55 байсныг, 50 нас болгосон. Эмчилгээний заавар дээр эрхтэн авах иргэний насыг 70 байсныг 60 болгосон. Насны хувьд олон улсын судалгаа, эмнэлзүйн удирдамж дээр үндэслэн тогтоосон.

Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулж манай иргэд жилд 3.5 тэрбум орчим төгрөг зарцуулж байна гэсэн мэдээ байсан. Энэ зардал буурах боломж байгаа юу?

Гадаад улсад 2015-2016 онд эрхтэн шилжүүлэх эмчилгээнд 7 тэрбум, жилд 3.5 тэрбум төгрөг зарцуулж байна.

Манайд жилдээ эрхтэн шилжүүлэх эмчилгээнд 1.6 тэрбум төгрөг хэрэгтэй байна.

Ингэхээр 2 дахин гадаад урсгалыг бууруулж байна. Улсын төсөвт тэр бүр бие дааж эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зардалд төсөв суудаггүй байсан. 2017 оны төсвийн тодотголд 700 сая төгрөг, 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт баталсан.

Бид жилд 20 орчим иргэнд элэг шилжүүлэн султгахаар төлөвлөж байгаа. Харин манай улсад 40 орчим иргэнд элэг шилжүүлэн суулгах бүрэн баг, эмнэлэг бүрдсэн байна.

Олон улсад эрхтэн шилжүүлэх хүрээг хуульчилсан байдаг. Манайх эрхтэн дээр хязгаар тавиагүй.Өнөөдрийн байдлаар элэг, бөөр, ясны чөмөг, цусны үүдэл эс, бэлгийн эс шилжүүлэн суулгаж байна. Алсдаа зүрх, нойр булчирхайг шилжүүлэн суулгахаар бэлтгэл хангагдаад, амьтан дээр туршилтын мэс засал хийгдээд явж байна.

Донор дутагдалтай бөөр, элэг шилжүүлэн суулгуулахаар хүлээгээд олон жил болчихсон хүмүүс байна. Энэ хүмүүст туслах ямар боломж байгаа вэ?

Донорын зөвшөөрлийг нэмэгдүүлэх, амьгүй донорын тоог өсгөснөөр дээрх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Олон улсад эрхтэн солилцооны сүлжээ нэвтэрсэн байдаг. Иймд цаашид энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Донорын асуудалтай зэрэгцээд эд, эрхтний наймаа гарах вий гэсэн болгоомжлол байдаг. Энэ асуудал хуулиар яаж зохицуулагдсан бэ?

Эд, эрхтний наймаанаас сэргийлэхийн тулд донорыг үндэсний хэмжээнд бүртгэх хэрэгтэй. Зохицуулах албан дээр үндэсний бүртгэлийн сантай болно. Зохицуулах алба нь хөндлөнгийн байгууллага байна. Ямар эмнэлэг хаанаас донор авч байгаа мэдээлэл нь нууц.

Нууцлал нь Төрийн нууцын тухай хуулиар хамгаалагдана.

Донорын тухай хуулийн зорилго нь сайн дурын, үнэ төлбөргүй донорын тусламж үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа учраас эд, эрхтний наймааны асуудал огт гарахгүй гэж харж байгаа.